НИЙГЭМ

Энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна

Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш манай энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар заагдсан үүргийн дагуу цэргийн багийн хариуцлагын бүс нутагт цагийн байдлыг тогтворжуулах, НҮБ-ын хамгаалалттай Дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах, баазын харуул, хамгаалалт болон энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулах, цагийн байдлын мэдээ, мэдээлэл олзворлох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, бүтээн байгуулалтад оролцох зэрэг олон арван ажлыг хийж гүйцэтгэсээр байна. 

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан заавар, зөвлөмжийн хүрээнд бие бүрэлдэхүүний халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан цэргийн сургалт бэлтгэлийг тогтмол зохион байгуулж, бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшингээ ахиулсаар байгаа билээ. 

Үүний тод илрэл нь “Юнити” секторын штабаас улирал тутам явуулдаг бэлэн байдлын шалгалтад цэргийн баг хоёр удаа амжилттай шалгуулж, “Үүрэг гүйцэтгэх боломжтой” гэсэн үнэлгээгээ удаа дараа баталгаажуулсан юм. 

Энэхүү шалгалтаар цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүн болзошгүй цагийн байдалд хэрхэн ажиллах, тасаг, нэгжүүдийн баримт бичгийн боловсруулалт, “UNMISS” энхийг дэмжих ажиллагааны хүчний командлал болон “Юнити” сектороос ирүүлсэн тушаал, шийдвэр, албан даалгаврын хэрэгжилт, “Ковид-19” цар тахлын үед бие бүрэлдэхүүний халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа зэрэг олон асуудлыг хөндөж, цэргийн багийн хүний нөөц, тагнуул, ажиллагааны бэлэн байдал, цэргийн алба, харуул хамгаалалт, эргүүл, цувааны үүрэг гүйцэтгэлт, материал, техникийн хангалт, ажиллагааны төлөвлөлт, холбоо мэдээлэл, соёл хүмүүжил, иргэн-цэргийн харилцаа зэрэг чиглэл тус бүрээр шалгаж, үнэллээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button