УЛС ТӨР

Т.Энхтүвшин: Төгрөгийн ханшийг чангаруулах чиглэлд 2022 онд ямар бодлого барих вэ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Т.Энхтүвшин гишүүн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс нийгэм, эдийн засгийн зарим асуудлыг тодрууллаа.

Тэрбээр:

“Орон сууцны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, мөнгөний ханш үнэж байна. Цар тахлын үед аялал жуулчлал, гадаад худалдааны салбар амжилттай ажиллаагүй. Иймд мөнгөний ханшийг чангаруулах чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг эхний асуултаа тавья.

Хоёрдугаарт, экспорт муу байгаа ч эрдэс баялгийн үнэ өндөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, жонш гээд. Цаашид энэ үнийн өсөлт 2022 онд ямар байна гэж харж байна вэ.

Гуравдугаарт, монголчууд уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргах биш аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээж, ажлын байр нэмэгдүүлж гаргая гэж боддог боллоо. Энэ чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжиж, ахиу зээл өгөх хэрэгтэй байна. Үүнд хөдөө аж, ахуйн салбарыг ч дурдаж болно. Энэ тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ” гэж асуув.

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа:

“Инфляцын өсөлтийг түр зуурын буюу нийлүүлэлтийн шинжтэй өсөлт гэж Төв банк үзэж байгаа. Үүн дээр мөнгөний бодлогоор арга хэмжээ авах нь оновчгүй гэж үзээд, бодлогын хүүнд өөрчлөлт оруулаагүй. Ирэх онд инфляц тогтворжино гэсэн тооцоололтой байна.

Бидний хувьд зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ цаашид өндөр түвшиндээ хадгалагдана. Харин экспорт гацахгүй бол гадаад худалдааны салбар эргээд сэргэнэ гэсэн судалгаа хийж байна.

Зээл өнөөдрийн байдлаар 16 хувиар өссөн байна. Үүнийг ирэх жил ч энэ хэмжээнд нь хадгална гэж тооцоолсон. Иймд ирэх онд зээл 15-20 хувийн өсөлттэй байх судалгаатай байна. Хүү буурч байгаа тул эрэлт өндөр байх магадлалтай” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button