Д.Үүрийнтуяа: Одоогоор зээл аваагүй, 230 сая ам.долларыг авна
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн барьцаанд тавиад ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Эл мэдээлэлтэй холбогдуулан бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.
-Танайхаас ТӨБЗГ-т өнгөрсөн хавар санал тавьсны дагуу 280 сая ам.доллар хүртэлх хэмжээнд санхүүжилтийн зээл авахыг зөвшөөрсөн гэх. Энэ хүрээнд зээлийн гэрээ хийгдээд танайд мөнгө нь ороод ирчихсэн зүйл бий юу гэдэг тодорхой мэдээлэл өгөөч?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа юм байна. Өнөөдөр үүн дээр албан ёсоор тайлбар өгнө. Манай “Эрдэнэт үйлдвэр” төрийн сүүлийн гурван жилийн турш ямар нэгэн өр төлбөргүй яваа. 2031 он хүртэл үйлдвэр хөгжүүлэх төлөвлөгөө батлагдсан. Энэ хүрээнд томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай. ТӨБЗГ-ын баталж өгсөн төлөвлөгөөгөөр бид 290 гаруй сая ам.доллар хүртэл зээл авах эрхтэй болсон. Энэ мөнгийг эхний хагас жилд авч байж бид үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ гэдэг төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч зээл аваагүй байна. Орж ирсэн мөнгө ч алга байна. Үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Арванхоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 1 их наяд 58 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад зээл шаардлагатай.
-Трейдер компаниудаас санал авч байгаа гэж ойлгох нь зөв үү?
-Бид хамгийн хямд зээлийн үүсвэрийг судалж байгаа. Гаднаас зээл авахаас илүү трейдер компаниудаараа дамжуулж авах нь хүүгийн зардал харьцангуй бага байдаг.
-Өнөөдрийн байдлаар танай байгууллагын дансанд 240 сая ам.доллар ороод ирчихсэн гэгдэж байгаа. Үүнд албан ёсны хариулт өгөөч?
-Дансны үлдэгдлээ хараад сууж байна. Өнөөдрийн байдлаар 240 сая ам.доллар ороод ирчихсэн зүйл алга. Молибден болон баяжмалын орлогууд төлөвлөгөөнийхөө дагуу орж ирж байгаа. Зээлийн эх үүсвэрээр нэг доллар ч орж ирээгүй байна.
-Энэ жил 290 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байсан ч амжаагүй юм байна. Тэгвэл ирэх жил энэхүү зээлээ бүтнээр нь авахаар төлөвлөж байгаа юу?
-Амжаагүй гэхээс илүүтэй үйл ажиллагааны үр дүнгээр санхүүжилтээ болгоод явж байгаа учир аваагүй. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Зэсийн үнэ өндөр байгаа нь иргэдийн тог цахилгааны төлбөрийг төлөх бололцоог үүсгэсэн.
-Ирэх жил зээл авах уу. Зээлийн хүү ямар байхаар төлөвлөж байна вэ. Трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийгдсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар арилжиж ямар нэгэн барьцаа тавихгүйгээр зээл авах уу?
-ТӨБЗГ-ын хурлаар ирэх оны төсөв төлөвлөгөөгөө хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Ирэх оны худалдааны нөхцөл байдал хэрхэн яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй. Урьдчилсан байдлаар ирэх онд 230 сая ам.долларын зээл хэрэгтэй гэж тооцоолж байгаа. Хорооны хурлаар энэ хэмжээ батлагдаж, албажсаны дараа мэдээлэл өгөх нь зүйтэй байх.
-Тухайлбал ямар төсөл хөтөлбөрүүдэд энэхүү 230 сая ам.долларыг зарцуулах вэ?
-Өдөр тутмын урсгал зардалд зарцуулагдахгүй. Юунд зарцуулахаа бүгдийг нь тодорхой болгочихсон байгаа. Тухайлбал, 2031 он хүртэл хэрэгжүүлэхээр 20 гаруй томоохон төслийг эхлүүлчихсэн явна. Үйлдвэр өргөтгөх, баяжуулах үйлдвэр өргөтгөх, ил уурхайд тээврийн технологийг нэвтрүүлнэ гэхчлэн.
-230 сая ам.долларын зээл зарцуулсан эдийн засгийн үр өгөөж хэр хугацааны дараа мэдрэгдэнэ гэж тооцоолж байгаа вэ?
-Дээрх дурдсан төслүүд өнөөдөр эхэлж байгаа юм биш. Үе шаттайгаар хэрэгжиж байгаа төслүүд. Бид 2024 он хүртэл үр өгөөжийг нь бүрэн хүртээд явах боломжтой гэж тооцож байгаа.
-Зээлийн хүүгийн талаар тодорхой мэдээлэл танаас авч чадахгүй байна л даа?
-Олон судалгаа хийгдэж байна. Бидэнд хамгийн боломжит үнийн санал зээлийн хүү нь 4,5 хувьтай байна.
-Зээл авахад ямар нэгэн барьцаа тавигдах уу?
-Барьцаа тавихгүй байх шаардлагыг манай зүгээс шаардаж байгаа.
-Трейдер компаниудыг шалгаруулах уу?
-Олон компани өрсөлдөж байгаа зүйл алга. Ирж буй саналуудад судалгаа хийгдэж байна.
-“Эрдэнэт үйлдвэр” одоогоор хэчнээн трейдер компанитай хамтардаг юм бэ?
-Олон жилийн хамтын ажиллагаатай арав орчим компани бий.
ТӨБЗГ: “Эрдэнэт үйлдвэр”-т 280 сая ам.долларын зээл гаднаас авахыг ЗӨВШӨӨРСӨН
бидний өмнөх тодруулгыг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахавдээ хэрэгтэй л юм бхйна