МОСКВА: Цөмийн шинжлэх ухааны төвийг Монголд байгуулна

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа ОХУ-аас эхэлсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өглөө.
Тэд Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах бүс нутгийн хөгжлийг дэмжих хэлэлцээ, оюуны өмчийн хэлэлцээ, гаалийн байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Транзит Монгол болох зорилт тавьсныг онцлоод эрчим хүч, нефть, байгалийн хий, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс гадна Орос, Хятадыг холбосон төмөр зам, хурдны зам байгуулахад хамтран ажиллахыг урьсан юм.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ 2019 онд Монгол Улсад айлчлахдаа хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсныг суурь болгон Тунхаглал бичгийг баталсан тухай мэдээллээ. Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн эдийн засгийн үр өгөөж санхүүгийн байдлыг Оросын талын дэмжлэгтэйгээр сайжруулсан гэдгийг дурьдаад 1990 онд авсан зээлийн асуудлыг зохицуулсан гэв. Мөн Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийг 80 хувь хийж байгаа. Цаашид Оросын Роснефть компани Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Сибирийн хүч байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г ирэх долоо хоногуудад дуусгахаар болсноо мэдээлж байна. Мөн ДЦС-3 ТӨХК-ийг шинэчлэх ажлыг эхлүүлнэ хэмээлээ. ОХУ цаашдаа Монгол Улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, цөмийн шинжлэх ухааны судалгааны төв байгуулахаар болсон байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монголын 550 оюутан нэг жилд суралцдаг тоог 600 болгож нэмэгдүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин хэлж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Атомын эрин зуун аль хэдийнээ эхэлчихсэн хүчээ авсан галт тэрэг шиг давьхиж бга энэ үед цагаа олсон шийдвэр гаргаж цөмийн судалгааны төвтэй болох гэж бга нь ямар их зөв шийдвэр,зөв алхам бэ Еөк-дөө маш их баярлаж бна