НИЙГЭМ

М.Ганзориг: Хоёр гудамжны хооронд газар ухаж байгаад л 20-иод см өндөртэй өндөг олсон

Ховд аймгийн Жаргалан сумын нутгаас палентологийн олдвор болох 20-иод см өндөр өндөг олдсон. Өндгийг 10-15 мянган жилийн өмнө, мөстлөгийн үед амьдарч байсан шувууных байж магадгүй гэж таамаглаж байна. Одоогоор Ховд аймагтаа байгаа тус өндгийг албан ёсоор судалж, шинжилж эхлээгүй байгаа юм.

Өндгийг газар шорооны ажлын үеэр “Ховдын өрнөө” ХХК-ны ажилчид санамсаргүй олжээ. Бид тус компанийн захирал М.Ганзоригтой холбогдож, товч тодрууллаа.

-Тухайн өдөр танай ажилчид ямар ажлаар малтлага хийж байсан юм бэ?

-Сумын шугам сүлжээний ажил гүйцэтгэж, манай компанийн ажилчид газар ухаж байтал энэ өндөг олдсон. Ер олон өлийн газар, хоёр гудамжны хоорон дох талбай л ухсан нь тэр. Анх олоод “Их л чухал юм олдож дээ” гэж бодсон гэсэн. Тэгээд аймгийн музейн бүртгэл мэдээллийн санчид хүлээлгэж өгсөн. Одоо өндөг манай компани дээр байна.

-Өндөгний хэлбэр, хэмжээг хэлж өгөөч?

-Өндөр нь 17.1 см, өргөн нь 50.3 см. Харин жин нь 350 гр. Хагарсан, гэмтсэн зүйлгүй, яг бүтнээрээ олдсон.

-Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж эхлээгүй байгаа гэж дуулсан. Цаашид өндгийг холбогдох ямар байгууллагад шилжүүлэн өгөх вэ?

-Тийм ээ. Албан ёсоор судалж эхлээгүй байна. Аймгийн музейн бүртгэл, мэдээллийн санчаас ирсэн эхний таамаг мэдээллээр бол 10-15 мянган жилийн өмнө, мөстлөгийн үед амьдарч байсан тэмээн хяруулын өндөг байх боломжтой. Хэрэв тийм бол тэмээн хяруулын өндөг бүтнээрээ олдсон манай улс дахь анхны тохиолдол энэ болох юм. Цаашид Улаанбаатар хот руу, Палентологийн хүрээлэнд хүргүүлж, судалгаа, шинжилгээ хийлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд анх удаа бүртгэгдсэн олдвор болох ч магадлалтай юм байна. Ховд аймгийн Хойд цэнхрийн агуйн хананд тэмээн хяруулын дүрс дүрслэгдсэн байдаг гэж уншлаа?

-Энэ жаахан ташаа мэдээлэл. Хойд цэнхрийн агуйн хананд арслан зааны дүрс байдаг ч тэмээн хяруулынх байдаггүй. Өндгийг тэмээн хяруулынх байж магадгүй гэж таамаглаж буйтай холбоотойгоор ийм мэдээлэл бичсэн юм болов уу гэж ойлгосон.

-Аймгийн музейдээ өндгийг буцаан татаж, хадгалах уу?

-Манай аймаг археологи, палентологийн олдвороор баялаг нутаг л даа. Алтай ятгаас эхлээд олон түүхэн ач холбогдолтой олдворууд олдож байсан. Гэвч аймгийн музейн орчин нь хадгалалтын стандарт хангадаггүй юм билээ. Тийм учраас музейдээ хадгалж болдоггүй. Бид цаашид музейн орчин нөхцөлөө сайжруулж, томоохон олдворуудаа татаад аялал жуулчлал хөгжүүлэхэд ашиглана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-23 09:20

Нэлээг том өндөг юм байна даа.

Зочин
Зочин
2021-12-26 20:52

Компанийн захир####тай ярьчихав уу эсвэл музейн эрхлэгчтэй юү?

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x