НИЙГЭМ

Алслагдсан малчин айлуудаар явж, вакцин хийдэг Г.Содхүү сувилагчийг “France24” агентлаг онцолжээ

Дундговь аймгийн малчдад коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциных нь нэмэлт тунг өөрөө, гэрээр явж хийж буй сувилагч Г.Содхүүг Францын “France24” агентлаг сурвалжилжээ.

Г.Содхүү малчдын дундах буруу ойлголтын улмаас тэд вакцин хийлгэх дургүй байгаа тухай онцлон ярьсан байна. Тэрбээр “Өнөөдөр л гэхэд зургаан айлд вакцин хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч гурав нь л зөвшөөрлөө” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

“France24” агентлаг насанд хүрсэн монголчуудын 90 хувь нь хоёр тун вакцин хийлгэснийг онцлоод, алслагдмал газар нутагт амьдардаг иргэд дархлаажуулалтад хамрагдахад дэд бүтцийн болоод худал мэдээллийн саад учирч байгаа талаар бичсэн байна.

Нийтлэлд “Гурван сая хүн амтай Монгол Улс дэлхийд хамгийн хатуу арга хэмжээг авч, хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоох замаар цар тахалтай тэмцсэн. Гурван хүн тутмын нэг нь мал аж ахуй эрхэлдэг гэсэн тоон мэдээлэл бий. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орнуудын нэг” гэж дурджээ.

Сувилагч Г.Содхүү өдөр бүр малчид руу залгаж, гуравдугаар тунгийн вакцинаа хийлгэх эсэхийг асуудаг аж. Сүлжээ муу учраас ихэнх малчин утсаа авдаггүй байна.

Тэрбээр “Цар тахлын эхний давлагаа дэгдэх үеэр малчид вакцин хийлгэж гэж дугаарладаг байсан. Оройн 09.00 цаг хүртэл ажилладаг, гэртээ харихгүй өдрүүд ч таарч байлаа. Харин одоо өдөрт 5-6 хүн л вакцин хийлгэж байна” хэмээсэн байна.

Ихэнх малчны утас холбогддоггүй учраас тэр сайн дураараа, өөрөө айл айлаар орж байгаа юм байна. “France24”-ийн сурвалжлагчидтай явахдаа тэр 37 настай малчмн П.Энхмаагийнд зочилжээ.

П.Энхмаа “Сумын төв рүү орохоороо гуравдугаар тунгаа хийлгэе гэж бодож байлаа. Оны эхээр нөхөртэйгөө хамт эхний тун вакцинаа хийлгэхээр гарч, 160 км зам туулсан” гэж ярьсан байна.

Тэдний сурвалжилгын үеэр н.Бадамхүү хэмээх өөр нэгэн малчин даралт нь ихэсдэг учраас вакцин хийлгэхгүй байгаагаа тайлбарлажээ. Харин “France24” агентлаг энэ талаар “Малчид холестерин ихтэй хоол иддэг учраас даралт нь байнга ихэсдэг” гэж онцолсон байх юм.

Харин 65 настай малчин Г.Дуламсүрэн “Хятад вакцины хоёрдугаар тунг хийлгэсний дараа даралт ихсэх болсон. Тийм болохоор дахиж хийлгэмээргүй байна” хэмээж, Г.Содхүү сувилагчийг явуулжээ.

Г.Содхүү “Залуучууд ихэвчлэн худал цуурхал тараадаг. Эсвэл коронавирусийг энгийн ханиад шиг, амархан эдгэдэг өвчин гэсэн буруу ойлголттой явдаг. Ерөнхийдөө вакциныг хэрэггүй гэж бодож байна” хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар насанд хүрэгчдийн 45 хувь нь гуравдугаар тунгийн вакцинаа хийлгэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-25 11:43

мундаг сувилагч байна шүү амжилт хүсэе

Холбоотой мэдээ

Back to top button