
“КОВИД-19”-ийн халдварын “Омикрон” шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Африк зэрэг Африкийн найман муж улсын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийг хориглосон хориг тавьсан. Тэгвэл тэрбээр арванхоёрдугаар сарын 31-нээс эл хоригийг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
“Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид үндэслэн миний бие хоригийг хүчингүй болгох зарлиг нь АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэсэн дүгнэлтэд хүрэв. Хөл хөдөлгөөнд хориг тавих нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад онц шаардлагагүй болсон тул ийм зарлиг гаргав” хэмээн Жо Байден Цагаан ордны вэб хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Хоригийг 2021.12.31-нд орон нутгийн цагаар 00:01 цагаас эхлэн цуцлана гэжээ.
Зарлигт мөн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс “Омикрон” хувилбарт халдвар авсан ч халдвар улам хүндрэхээс хамгаална” гэсэн дүгнэлтэд хүрсэн болохыг онцлон тэмдэглэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, “Омикрон” хувилбар аль хэдийн 100 гаруй оронд бүртгэгдсэн бөгөөд АНУ-д өргөн тархсан гэжээ. Жо Байдены дурдсанчлан, коронавирусийн вакцин хийлгэсэн олон улсын аялагчдыг АНУ-д нэвтрэхээс өмнө заавал гурав хоногийн “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэсэн хугацааг нэг хоногийн өмнө гэж багасгасан аж.
АНУ арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш Африкийн хэд хэдэн улс орны иргэд, зорчигчдыг хилээрээ нэвтрэхийг хязгаарласан байсан. Энэхүү хязгаарлалтад Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави зэрэг орнууд багтсан.
АНУ нь коронавирусийн батлагдсан тохиолдол болон халдварын улмаас нас баралтын тоогоор нэгдүгээрт орсоор байгаа юм. Тус улсад цар тахлын үеэр 53.7 сая гаруй “КОВИД-19”-ийн халдвар илэрч, 839 мянга гаруй хүн нас бараад байна.
Арваннэгдүгээр сард Өмнөд Африкт коронавирусийн “Омикрон” шинэ хувилбар илэрсэн.
Дэлхийн хэмжээнд “Омикрон”-ы тохиолдлын тоо 1.5-3 хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа хэмээн ДЭМБ мэдээлж байгаа юм.
(Эх сурвалж: CNN)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.