Малын эмч О.Чойжоо: Шүлхийн халдварлах чадвар коронавирусээс хэд дахин илүү

Малын гоц халдварт шүлхий өвчнийг тойрсон асуудлаар малын эмч О.Чойжоотой ярилцлаа. О.Чойжоо эмч мал эмнэлгийн чиглэлээр зөвлөх болон дуудлагын үйлчилгээ үзүүлдэг. Мөн мал эмнэлэг, малын эрүүл мэндийн талаарх сургалт зөвлөгөө, малын эмч нарыг чадавхжуулах чиглэлээр 21 аймгийн ихэнх сум сууринд хүрч ажилласан туршлагатай.
-Монгол малын эрүүл мэндийн байдлыг ерөнхийд нь хэрхэн үнэлэх боломжтой вэ?
-Малын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд байна аа, байна. Өнөөдрийн байдлаар шүлхий, арьс товруутах өвчин түгээмэл байна. Халдварт өвчин нэлээд байдаг ч энэ жилийн шүлхий шиг өндөр тархалттай нь цөөн. Ер нь бол маш олон жилийн турш төрөл бүрийн вакцинжуулалтаар Монголын мал сүрэг хамгаалагдаж ирсэн. Монголчууд шинжлэх ухаанаа баримталж нийт сүргээ эрүүл саруул аваад ирсэн түүхтэй. Энэ чигээрээ л явах нь зүйтэй. Ерөнхий байдлын тухайд шүлхийг эс тооцвол монгол мал сүрэг тайван байгаа.
-Шүлхий өвчний талаар нийтэд хэрэгтэй мэдээллийг товчоор өгөөч?
-Хамгийн эхэнд хэлэхэд, шүлхийгээр хүн өвдөхгүй, өвчлөхгүй. Малаас хүнд халдварладаггүй өвчин. Салаа туурайтай мал амьтныг өвчлүүлдэг өвөрмөц вирус. Адуу, нохой, хүн өвчлөхгүй гэсэн үг. Шүлхийн вирус маш хөнгөн тоосонцор хэлбэрээр оршдог. 20 м, 200 м, бүр 2 км зайд ч салхины чиглэлээр, машины дугуй, хүний хувцас, малын арьс үс гээд халдварлаж болох бүх замаар явдаг аюултай. Халдварлах чадвар нь коронавирусээс хэд дахин хүчтэй. Нэмээд хэлэхэд маш тэсвэртэй. Гадаад орчинд таван сар хүртэл хугацаанд идэвхтэй тэсвэртэй амьдрах чадвартай. Зэрлэг ан амьтнаар бас зөөвөрлөгдөнө. Өмнө нь шүлхийгээр өвчилсөн малыг шууд устгадаг арга хэмжээ авч байсан. Устгаад булна, эрүүл сүргийг нь вакцинжуулна. Одоо бол устгахгүй, малчид нууж байна, өөрсдөө эмчлэхийг оролдож байна. Дээрээс нь хөл хориог хатуу тогтоож чадахгүй байгаа нь мал эмнэлгийн салбарт илүү их ачааллыг өгч байна.
-Шүлхийтэй малыг эмчлэх боломжгүй юм уу?
-Монголд шүлхийтэй малыг устгах, эрүүл малыг нь вакцинжуулж сэргийлэх гэсэн заалт үйлчилдэг. Манайд ядуугийн зовлон гэгчээр малаа устгахгүй байна шүү дээ. Вакцин өндөр үр дүнтэй, сайн хамгаалдаг. Харамсалтай нь бид нар өнгөрсөн жилүүдэд зөвхөн сэжигтэй бүсээ вакцинжуулсан нь өнөөдрийн эрсдэлийг авч ирж байна. Бусад улс оронд толгой дараалан устгадаг. Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл олон улсын худалдааны хориг тавих аюултай.
Шүлхий өвчин нийгмийн, нийтийн эрүүл мэндэд хамаардаг учраас олон зуун сая ам.доллараар шүлхийг устгасан орнууд руу манайхтай хөл хөдөлгөөнөө хязгаарлах цуцлах магадлалтай. Ер нь бол малчид малаа устгахгүй байдал, өнгөрсөн намар Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн их хурд шүлхийг алдах хамгийн том шалтгаан болсон. Уг нь төрөөс малчдад шүлхийтэй малаа устгавал 80 хувийн нөхөн олговор олгоно гэсэн юм билээ. Гэвч малчид малаа авч үлдэхийг хүсэж, янз бүрийн арга хэрэглэж зарим нь дархлаанд найдаж байх шиг. Шүлхий үхлийн хувь багатай өвчин.
-Шүлхийн хамгийн том хор нөлөө юу вэ?
-Эдийн засгийн хор хөнөөлтэй. Манайхны махаа экспортлох хүсэлт хойшлоод байна л гэсэн үг. Шүлхий болон гоц халдварт өвчин ямар нэг өвчин хамгийн багадаа сүүлийн таван жил гараагүй байх нь эрүүл бүс гэж зарлуулах анхны алхам. Тэгэхээр одоогийн байгаа нөхцөл махаа боломжийн үнээр экспортлох боломжийг хаачихлаа.
-Мэдэх, мэдэхгүйгээр шүлхийтэй малаа хүнсэнд бэлдчихвэл бидэнд ямар аюултай вэ?
-Малчид эхний байдлаар шүлхийтэй эсэхийг хараад ялгана. Хүнсэнд хийгээд баригдсан тохиолдол гарсан. Малчдын ухамсар ёс зүйн асуудал шүү дээ. Мэргэжлийн байгууллагуудаас шүлхийгээр өвдсөнөөс хойш зургаан сарын дараа хүнсэнд хэрэглэж болно гэж үздэг. Би Австрали улсад хоёр сар малын дуудлагын эмчээр ажилласан. Тэнд амьтны эрхийг хамгаалах хууль маш сайн хэрэгждэг. Энэ чиглэлээр эргүүлийн цагдаа ажиллана. Хүнлэг бус зүйл тааралдвал сануулга өгнө, торгууль тавина улмаар импортлох эрхийг хаана. Мал өвдсөн л бол эмнэлэг дууддаг. Манайд бол малчин өөрөө малын эмийн сангаас дураараа эм, тариа авч шууд хэрэглэдэг.
-Та ярианы төгсгөлд юуг хэлмээр байна вэ?
-Малын шилжилт хөдөлгөөн, худалдаа, үржлийн малын наймаа жилийн бүх улиралд идэвхтэй байгаа нь халдварт өвчний эрсдэл юм. Мал төрийн хамгаалалтад байх заалтын хүрээнд малчид малаа үнэ төлбөргүйгээр вакцинд хамруулдаг. Энэ нь хэдийгээр сайн зүйл боловч төр хамгийн муу менежер гэдгийг бид бүх цаг үед харсаар байгаа. Тиймээс энэ заалтыг эргэж харах ёстой. Хэрвээ вакцин зардаг бол худалдаж аваад малдаа хийчих хүмүүс их байна. Гэтэл худалдаанд вакцин байхгүй зөвхөн төр өөрөө л зохицуулдаг. Тэгэхээр зарим төрлийн вакциныг худалдаанд нэвтрүүлмээр байна. Фэйсбүүк дээр шүлхийн вакцин худалдаж авна гэсэн зар зөндөө байгаа. Төр толгой дараалан вакцинжуулж чадахгүй байгаа. Шүлхий хил дамжин халдварладаг өвчин. Ялангуяа зэрлэг амьтнаас бэлчээрийн малд халдварлах нь элбэг тохиолдож байгаа шүү. Эдгээр эрсдэлүүд байгаа учраас вакцинаа тасралтгүй хийх нь хамгийн зөв шийдэл гарц юм.
-Ярилцсанд баярлалаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүлхий ер нь их аюултай гэдгийг мэдсээр байж шүлхийтэй малын махаа ичихгүй зардаг малчидыг бурхан өршөөг
шүлхийний вакциныг ер нь яагаад худалдаалж болдоггүй юм бол хэрэв ингээд зарвал малчид өөрсдөө авж тариад малын шүлхий багасах магадлал нэмэгдэнэ. шүлхийтэй малын мах ч худалдаанд гарахгүй
1.Шүлхий гоц халдварт өвчиний тоонд ордог аюултай өвчин.
2. Вирусаар үүсгэгддэг, Вирус амьд эсийн дотор үрждэг
учир ямар антибиотик үйлчлэхгүй
4Гоц харлварт өвчиний вакцинийг төрөөс үнэгүй хийдэг
5. Манай улс өөрөө үйлдвэрлэж чаддаггүйн хар гай.
Замбараагаа ч алдлаа л даа...!!!
Шүлхий туссуан малыг зүүн аймгийнхан шүлснээс нь даавуугаар арчаад бусдад нвь түрхдэг л юм байна лээ. тэгээд 7 хоногийн дараа л зүгээр явж байдаг...
Хөдөө сул чөлөөтэй яваа хятадууд албаар тарааж байгаа гэж хардаж байна. Учир нь өвөг дээдэс маань өмхий хятадуудаас хол яв гэж захисан юм.
шүлхий малаас хүнд халдварладаг харин хүнээс хүнд халдварладаггүй гэж анагаахын номноос судалсан. Буруу ташаа мэдээлэл тараах хэрэггүй мэдэхгүй байж мэддэг юм шиг ярих хэрэггүй шүү дээ.