Нийгмийн

Хагас тэрбумын хохирол учруулсан НОБГ-ын дарга асан Н.Уламбаярын "толгойг илж", торгов

2013-2017 оны хооронд таван жил Нийслэлийн онцгой байдлыг толгойлж байгаад тэтгэвэрт гарсан Н.Уламбаяр хурандаа албан тушаалаа урвуулан ашигласан, хөрөнгөжсөн хэргээр шалгуулаад удав.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал саяхан болжээ. Анхан шатны шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Харин гэмт хэргийн улмаас нийслэлийн төсөвт учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 129 сая төгрөгөөс 88.3 саяыг нь хасаж, 41.5 сая төгрөг гаргуулахаар болжээ.

-Н.УЛАМБАЯР ХУРАНДАА ӨМНӨ НЬ ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙЖЭЭ-

Нийслэлийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэвч өнгөрсөн оны тавдугаар сард болсон анхан шатны шүүх, долдугаар сард болсон давж заалдах шатны шүүхүүдээс түүний хэргийг дахин нягтлан шалгах хэрэгтэй гэх үндэслэлээр прокурорт буцаагаад байсан юм.

Хурандаа Н.Уламбаяр 19 жилийн өмнө 2002 онд бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан түүхтэй хүн аж.

-ХАМТ АЖИЛЛАДАГ ХҮНИЙХЭЭ НЭР ДЭЭР КОМПАНИ БАЙГУУЛЖ, ТЕНДЕРТ ОРОЛЦДОГ БАЙЖЭЭ-

Түүний хувьд НОБГ-т даргаар ажиллах хугацаандаа дээрх хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онуудад онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах мэдээллийг ашиглан тус газарт  “үйлчлэгч, цахилгаанчин, туслах, ажилтан, орчуулагч”-аар ажиллаж байсан Н гэгчийн нэр дээр “Т-н д” ХХК-ийг 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Галын машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс аялал жуулчлал”-ыг эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулан, гүйцэтгэх захирлаар бүртгүүлжээ.

Ингээд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлэн тус компанийг оролцуулж, 2014 оны долдугаар сарын 25-ны өдөр 10/639 дугаартай албан бичгээр ой хээрийн түймэр унтраах хоёр ширхэг автомашиныг нийлүүлэх шууд гэрээг “Т-н д” ХХК-тай байгуулах саналыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ 540 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-

Улмаар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2014 оны есдүгээр сарын 23-ны 200.000.000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-иас хоёр ширхэг тээврийн зардал, татвар орсон 188.662.614 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 200.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 10/318 дугаартай “...Т-ийн д” ХХК нь 2014 онд ой хээрийн түймэр унтраах хоёр ширхэг автомашиныг хугацаанд нь нийлүүлж байсан” талаар дурдсан албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ......... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... газарт 2016 оны гуравдугаар сарын 11-ний өдөр НОБГ-16/01 дугаартай 340.000.000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-иас хоёр ширхэг тээврийн зардал, татвар орсон 211 сая төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 340.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button