Нийгмийн

Монголын ирээдүй муур, нохойноос ч дор, баталгаагүй орчинд амьдарч байна

2022 он гарсаар Испани улсад тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль батлав. Энэ хуулийг дөрвөн жил хичээж боловсруулсны эцэст баталж, хосууд салсан тохиолдолд амьтныг хэрхэхийг хүртэл тодорхой зааж өгчээ. Харин Техас мужид он гарсаар нохойг гинжээр уяхыг хориглов. Ингэхдээ зайлшгүй тохиолдолд гурван метр урттай, эсвэл нохойноосоо тав дахин илүү урттай уяа сонгож байхаар зүйлчилжээ.

Харин манай улсад он гарсаар ойрын тав хоногийн дотор ой зургаан сартай охин согтуу нагац ахдаа хэрцгийгээр зодуулж эмнэлэгт хүргэгдэн, хоёр ойтой охин аавдаа хүчирхийлүүлж, гурван настай хүү долоон давхраас эвдэрхий лифтний хаалгаар хөл алдаж амиа алдлаа.

Зодуулж, гудамжинд нүцгэн хаягдсан охиныг зодсон ээжийнх нь төрсөн ах эрүүл мэндийн хувьд асуудалтай, хэрэг хүлээх чадваргүй хэмээн ялаас мултарч болох мэдээлэл гарсан. Харин амиа алдсан хүүгийн тухайн хотхоны СӨХ “Угаасаа энэ лифт засвар авахгүй, зүгээр онгорхой нүхийг нь бөглөх минь” хэмээн хээвнэг тачигнаж байхад, “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ “Нийслэлийн хэмжээнд 7000 гаруй лифт байдаг гэсэн тоо бий, бид бүгдэд хүрч ажиллах боломжгүй зөвхөн гэрээт СӨХ-үүдэд ажилладаг. Манайх тухайн байртай гэрээгүй. Хоёр жилийн өмнөөс яригдаж байсан, манайх очсон, гэрээгүй болохоор ажиллаагүй” гэж албанаар тайлбар өгөв.

Эндээс юу харагдаж байна вэ? Монголд хүүхдийн эрх, амь нас, аюулгүй байдал гэрийн тэжээвэр амьтдаас дорд орчинтой байна. Гэнэтийн ийм тохиолдлууд хэн хэн юу гэж дуугардаг вэ?

Хүний эрхийн төлөө гэх тодотголтой тэмцэгчид, улс төрийн хүчнүүд, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд дуугарна, дуугарахдаа хэн нэгнийг чичилсэн байдлаар хашгирах төдийхнээр гарч ирээд алга болдог.

Энэ бүхнээс гадна агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, сурч хөгжих ээлтэй орчин гээд хүүхдийн эрх, хувь заяанд ноцтойгоор нөлөөлж буй асуудлууд өчнөөн.

Амьтдын эрхийг ийн дээдэлж буй улс орнуудад хүүхдийн асуудалд хэрхэн анхаарч хандаж төлөвшсөн байдаг бол. Бидний ирээдүй адгуус амьтдаас дор баталгаагүй, ээлгүй орчинд өсөж торниж байна.

Б.БАЯРТ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button