Нийгмийн

Г.Цолмонбаатар: Цагаан сарын зардал өмнөх жилүүдээс 50 хувиар буурсан


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Монголчууд сар шинийн баярыг гурав дахь жилдээ хязгаарлагдмал байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ удаад иргэд цагаан сардаа хэрхэн бэлдэж, төлөвлөж байгааг нэгэн гэр бүлээр төлөөлүүлэн сурвалжиллаа. Бид ЧД-ийн иргэн Г.Цолмонбаатарынхыг зорьж очлоо. Гэрийн эзэн бидний зорилгыг ойлгож хүлээн авсан ч гэр бүлийн бусад гишүүд болон цагаан сарын бэлтгэлийн үйл явцын зураг авахыг зөвшөөрсөнгүй. Учир нь цах тахлын нөхцөл байдалтай уялдуулан тавгийн идээ, идээ шүүс, бууз, цагаан идээгээ өмнөх жилүүдээс 2-3 дахин багасгаж бэлдсэн болохоор зураг авах нь онц ач холбогдолгүй гэж хэллээ. Г.Цолмонбаатартай товч ярилцлаа.

- Цагаан сарыг танай гэр бүл хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?  

-Ер нь бол хахир өвлийг өнтэй давж энх цагтай мэнд золгосны баяр, мөн монгол түмний үе үеэрээ тэмдэглэж ирсэн уламжлалт баяр болохын тухайд манайх өргөн дэлгэр тэмдэглэдэг. Харин сүүлийн гурван жил цар тахал гарсан болохоор бүлийн хүрээнд, өөрсдөө гадагш гарахгүй, зочин хүлээж авахгүйгүйгээр тэмдэглэхийг зорьж байгаа. Идээ будаа, шүүс, айраг, цагаан идээгээ өмнөх жилүүдээс 2-3 дахин багасган бэлддэг болсон.

-Цар тахлын хоёр, гурван жилд цагаан сараа хэрхэн тэмдэглэж ирэв?

-Харилцаа, холбоогоор уламжлалаа эвдэхгүй “авч гарч” байна. /инээв/ Суурин газар болон гадаадад байгаа хамаатнуудтайгаа интернэтээр, хөдөөний ах дүүстэйгээ утсаар ярьж амар мэндийг мэднэ. Цаг сайхан болохоор өөрийн биеэрээ очиж амрыг  эрэн золгохоо мэдэгдээд ахмадууд болон нялхасын бэлгийг Хаан банкны аппликейшн ашиглаж бэлгээ өгдөг боллоо. Бид нарын насныхан нээх хэмнэх гээд хэрэггүй, бас үрэлгэн байдлаас татгалзаж өөр өөрсдийн хэмжээнд төсөвлөөд тэмдэглэх хэрэгтэй гэж үздэг.

- Энэ баяр дээр та өөр ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

- Цагаан сарыг жил өнгөрөх тусам бүдгэрч байгаа баяр гэж хардаг. Залуус нь хөгшчүүлийн баяр, хот суурин газрынхан болохоор хөдөөнийхний баяр гэж хардаг. Гэтэл бас аагархдаг насныхан бас харагддаг. Сар шинээ сүртэй тэмдэглэнэ гээд өр шир тавих жишээтэй. Энэ бүхний эцэст би юуг хэлэх гээд байна гэхээр цагаан сар бол тэмдэглэх ёстой, ач холбогдох өгөх ёстой өв уламжлал. Харин ингэхдээ айл бүр өөр өөрсдийн хэмжээнд төсөвлөөд, тооцоолоод мөрдөх ёстой зан заншил, уламжлал, дэг жаягаа гүйцэтгэх нь чухал гэж үздэг. Өв уламжлалаа дээдлээд  хайнга хандах хэрэггүй, өнгөлөг, мөнгөлөг харагдах гээд дэгсдүүлж хөөрөгдөх бас дэмий.

-Танай гэр бүлийн уламжлал болгон гүйцэтгэдэг зан заншил, дэг жаягийн тухайд?

- Шинийн нэгний нараа эхэлж харна. Дараа нь мөрөө гаргана. Тэр хооронд эхнэр, охин маань идээ, цайныхаа дээжийг бэлтгэдэг. Ингээд бүгдээрээ бурхандаа мөргөж, дараа нь золгоно. Хүүхдүүдтэйгээ шагайгаар төрөл бүрийн наадгай тоглодог. Зул, хүжээ бадраана. Охидууддаа өөрийн мэдсэн, туулсан амьдралаас олж авсан хэрэгтэй зүйлсээ хэлж өгнө. Үнэхээр хэрэгтэй хирнээ мэдэхгүй зүйл байвал интернэтээс хайж олоод гэр бүлээрээ мэдэж авна.

- Цахим золголтын үед цагаан сард зориулдаг зардал хэр буурсан бэ?

- 50 хувь буурсан. Би түрүүн хэлсэн бүх зүйлийг 2-3 дахин багасгаж бэлдсэн гэж. Ер нь бол цаашид ч гэсэн төв суурин газрын айлуудад 20-30 хэвийн боов, хоёр, гурван мянган бууз, том ууц  зохимжгүй санагдах болсон. Хотынхон тавгийн боов, ууцны өөхөө хотын хаа нэгтэй аваачиж хаядгийг бид олонтаа харж байсан.  Тэгэхээр амьдралын хэмнэл, дадал, санхүүгийн боломждоо тулгуурлаж л тэмдэглэх нь зөв сонголт болно. Өмнө нь  манайх том 1000 бууз хийдэг байсан бол энэ жил 400 бууз хийнэ. Ууц чанадаг байсан бол дал, дөрвөн өндөр, богтос, шаант, сээр, нуруу чанана. Ёс заншилд байж болдог зүйл учраас ингэж шийдсэн.

-Хувцас хунараа хэрхэн бэлддэг вэ?  

-Минималист шүү. /инээв/ Би гурван дээлтэй, өдөр тутамдаа нэгийг нь, ажилд нэгийг нь, нөгөөг нь цагаан сараар өмсдөг. Жийпэнд хурган дотортой дээл, годон гутал өмсөж суугаад байрнаас байр руу ороод яахад дээ. Малчид л нөхцөл байдалдаа зохицож үс, арьстай хувцсаа өмсдөг.

Г.Цолмонбаатар Улаанбаатар хотын унаган хүүхэд хэдий ч гурван жилийн өмнө малчин болохоор шийдэж хөдөө гарчээ. Нүүдэлчин өв соёл, зан заншлаа үр хүүхэддээ өвлүүлэх, эрүүл, аюулгүй хүнсийг өөрийн гараар бэлтгэх, хүүхдүүдээ цэвэр агаарт дэлгэцнээс хол байлгах гэсэн олон зорилгоор эднийх хөдөөг зорьжээ. Түүнд хадмууд нь анх 70 гаруй бог хандивлаж малтай болох эхлэлийг нь тавьсан байна. Гурван жилийн дотор Г.Цолмонбаатарынх 400 тооны малтай болжээ. Биднийг очих үед "жил болгоны өвөл мал төллөхөөс өмнө хотод гэртээ ирж хүүхдүүдтэйгээ хэсэг хамт байдаг. Энэ үеэр ирж таарлаа" гэж байлаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тийм Хөгшчүүл ноднин нам засаг гэр бүлдээ тэмдэглэ гэсэн гээд юу ч бэлдээгүй,өөрсдөдөө хэдэн хавсайгаар жоохо идэ засаад суж байтал бааха зочи ороод ирсэн.Орж ирээд цагаан сар тэмдэлэхгүй айл байж гэж мэдсэн байх.Энэ жил бас урилгагүй гэнэт ор ирж магад гэж бодоод жохон юм бэлдлээ. Бүх юм багасгаад. Өөрсдө идэх 300-аад буузтай л байна. Зочин ирвэл дэлгүүрээс бууз авна гэж бодоод. Ирэхгй бол дэмий бууз авч мөнгөө үрэх шардлагагүй. Өөрсдө идэж болохор өөх тос бага жоохо мах чанана. Тэгээд болно.

зочин..
зочин..

цагаан сараар хөгшчүүд л хотойх юм даа. Хүүхдүүд нь ,хамаатнууд нь, ойр хавийн хүмүүс хүндэлж байна гэж ирнэ.Тэр тоогоор цай,хоол, бэлэг гээд л явж өгнө.Зарим жоохон хүүхдүүд хэд хэд л орж ирнэ. Чи ирчихээ биздээ гэлтэй нь биш дээ. Хөдөөний гарууд бол орж ирээд задалсан архийг заавал дуусгаж байж гардаг гэсэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button