Японы алдарт тамирчин, дасгалжуулагч Виктор Тадаши Итакүсатай ярилцлаа

Японы алдарт тамирчин, дасгалжуулагч Тадаши Итакүсүг монголчууд сайн мэднэ. Өдгөө Күмамото мужийн ахлах сургуулийн жүдо, самбогийн багшаар ажилладаг тэрбээр 1990 онд “Кано кап” (өнөөгийн Токиогийн “Их дуулга)-д түрүүлэхдээ аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулгыг ялсан. Тадаши Итакүса өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт болсон, Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаярын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ-д шавь нараа оролцуулахаар Монголд ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.
Монгол, Японы харилцааг улам бэхжүүлэх нь миний зорилго

-Нэлээд шахуу хуваарьтай яваа юм байна. Манай улсад ирэх урилгыг хэрхэн хүлээж авав?
-Мэдээж дуртайяа зөвшөөрсөн. Танай улсад ирсэн хамгийн том зорилго минь Япон, Монголын найрамдалт харилцааг улам бэхжүүлэх. Мөн Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаярын нэрэмжэт залуучуудын УАШТ-д 11 тамирчнаа оролцуулна. Тэдний цөөнгүй эцэг, эх нь хамт ирсэн. Бид нийт 20-иулаа ирсэн л дээ. Мэдээж тамирчдаа амжилттай өрсөлдүүлж, олон медаль хүртэхийг зорилгүй яах вэ. Монгол, Япон улс маш дотно найрамдалт харилцаатай. Монголчууд яагаад ийм хүчтэй, бяртай байдгийг мэдэхийг хүсэж байна. Танай улсын тамирчид Японы сүмод олон жил өнгөлж байна. Тэд тийм тасархай байгаагийн нууц юу вэ. Жүдочдын амжилт, ур чадварыг энд заавал тодотгох нь зүйтэй болов уу. Монгол Улс зуны улиралд халуун, өвөл тэсгим хүйтэн, адуу маллаж, биеийн хүнд хүчир ажил хийж нүүдэлчин уламжлалтай учраас монгол хүн хүчтэй байдаг юм шиг байна.
-Монгол тамирчдын барилдааны онцлогийг хэрхэн дүгнэдэг вэ. Манай улсад ажиллах бодол бий юү?

-Япон жүдочид техник сайтай. Харин монголчууд бяртай, барилдааны мэдрэмж, ур чадвараараа бусдаас ялгардаг. Монгол тамирчдын ур чадвар, тэнхээг техниктэй төгс хослуулж чадвал танай улс удахгүй спортын хаан болох байх. Танай улсад самбо, жүдогийн дасгалжуулагчаар ажиллах санал тавьбал зөвшөөрнө. Тэгэхийг чин сэтгэлээсээ хүсдэг.
Японыг тойрон, сайн дураараа жүдо, самбо заадаг

-Та Күмамото мужийн ахлах сургуульд дасгалжуулагчаар ажилладаг юм билээ. Шавь нараа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Би мужийнхаа дунд, ахлах, их сургуульд багшилж, тамирчдад самбо, жүдогийг суурийг нь заадаг. Би жүдо, самбогийн спортод үнэхээр дуртай, хайртай. Тамирчин хүн бяр чадал, оюун ухаан, сэтгэл санаагаа нэгтгэж байж хүчтэй болдог, амжилтад хүрдэг. Сэтгэл, бие, техник гурвыг хослуулж чадвал амжилт гаргана гэдэг үг ч бий. Тиймээс би шилдэг тамирчин олохын тулд Японыг бүхэлд нь тойрсон. Би тамирчин байхдаа өчих мэх хийх дуртай байлаа. Зарим тамирчин цэвэр ялах дуртай. Гэтэл би тийм биш. Өчүүлсэн өрсөлдөгч маань миний бие рүү цохин, бууж өгөхөд жинхэнэ ялалтын амтыг мэдэрдэг юм. Олон шилдэг шавиараа би бахархдаг. Тэд минь өчих мэхээр өрсөлдөгчөө ялахад бүр их баярладаг шүү.
-Таныг улсаа тойрон, сайн дураараа самбо, жүдо заадаг гэж сонссон. Үнэн үү?
Үнээн. Манай улсын самбо бөхийн холбоо тийм ч идэвхтэй ажилладаггүй. Тиймээс би сайн дураараа Японыг тойрч, хүүхдүүдэд самбо, жүдо заадаг. Бүх зардлаа хувиасаа гаргадаг. Зарим хүн гайхдаг л юм. Мэдээж амаргүй, шантрах үе зөндөө гарна. Би бууж өгөхгүй огтхон ч хүсдэггүй. Улсдаа самбо бөхийн спортыг улам хөгжүүлэх зорилгодоо заавал хүрнэ.
Багшаараа овоглож явдаг

-Орос багшаараа овоглосон тань сонирхол татаж байна. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-Миний самбогийн багш Виктор Кога гээд орос хүн байсан. Багш маань ЗХУ-ын спортын мастер цолтой. Би өндөр амжилт гаргах зорилгодоо хүрэхийн тулд 18 насандаа багшийнхаа шавь болсон. Тэгээд самбогоор давхар хичээллэсэн юм. Одоогоос 30 жилийн өмнө юм байна. Нэг өдөр багш минь “Миний нэрээр овогло” гэсэн. Би ч яах вэ гэж эргэлзээгүй, дуртайяа зөвшөөрсөн. Багшийгаа хүндэлсэн учраас тэр. Одоо самбогоор багшлахдаа Виктор Итакүсү, жүдо заахдаа Тадаши Итакүсү гэдэг нэрээ ашигладаг.
-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. Ялангуяа аав тань дургүйцсэн үү?
-Огт эсэргүүцээгүй. Аав, ээж хоёр багшийг минь сайн таньдаг, мэддэг учраас харин ч эсрээгээ дэмжсэн. Тэмцээн оролцоход хүмүүс Виктор гэж дууддаг байлаа. Одоо ч гэсэн миний шавь нар тэгж дууддаг юм. Би ч тэгж дуудуулах дуртай.
Олимпод оролцох аз дутсан

-Тамирчин бүхэн олимпод оролцохыг хүсдэг. Олимпын дэвжээнд зодоглох боломж танд хэр байсан бэ?
-Би олимпын наадамд өрсөлдөхийг үнэхээр хүссэн, бүхнээ зориулсан. Даанч санаснаар болоогүй. Би Токиогийн “Их дуулга”-ын хошой аварга. Тухайн үед дотоод, гадаадын бүхий л тэмцээнд түрүүлдэг байв. Жиндээ ч №1. Гэтэл олимпын өмнөх жил яагаад ч юм бэ бүү мэд, азгүйчихдэг байлаа. Улсынхаа бүх тамирчныг ялдаг мөртлөө л олимпын өмнөх сорилгуудад дийлдсэн. Үнэхээр сонин шүү. Хэрвээ түрүүлбэл олимпод зодоглоно гэж өөрийгөө хэтэрхий шахаж, биеэ бариагүй. Зүгээр л барилдсан. Гэтэл санаснаар болоогүй. Магадгүй аз дутсан байх.
Токиогийн “Их дуулга”-д түрүүлэхдээ шигшээд Д.Баттулга гавьятыг ялсан

-Та 1990 онд өнөөгийн Токиогийн “Их дуулга”-д түрүүлэх Д.Баттулга гавьяатыг ялсан. Монгол тамирчинтай хүч сорих ямар байсан бэ?
-Би тэр барилдааныг ер мартдаггүй. Одоо ч гэсэн өчигдөр болсон мэт тод санаж байна. Би тухайн үед 18 настай байлаа. Харин Д.Баттулга өмнөх жил нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, ёстой ид шуугиулж явсан юм. Олонх хүн намайг ялна гэж бодоогүй. Япончууд хүртэл Д.Баттулгыг түрүүлнэ гэж таамагласан юм билээ. Санасан мэхээ зоригтой хийгээд л барилдъя гэж бодоод дэвжээнд гарсан. Тэгээд л ялсан даа. Тухайн үед “Кано кап” буюу өнөөгийн Токиогийн “Их дуулга” тэмцээнээс алтан медаль хүртэх нь олимпын наадамд түрүүлэхээс дутахгүй нэр хүндтэй байлаа. Ялангуяа гадаад бөх түрүүлэх бүр ч хэцүү байсан. Би ямар ч байсан тэр жил 60 кг-д нутгийнхаа дэвжээнд түрүү алдаагүй.
-Д.Баттулга гавьяат эх орондоо амьдардаг. Нутаг буцахаасаа өмнө уулзах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Би тамирчдаа Монгол улсын аварга шалгаруулах залуучуудын тэмцээнд оролцуулчихаад даваа гаригт (өнөөдөр) Улаанбаатарт ирнэ. Тэгээд л шууд нутаг буцна. Уг нь Д.Баттулгатай уулзахыг маш их хүсэж байна. Шахуу хуваарийн дагуу яваа болохоор амжих нь уу, яах нь уу.
Б.БУЯНДАЛАЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.