ХУУЛЬ

Терроризмын эсрэг сургуулилт анх удаа болно

2022 оны тавдугаар сарын 09-13-ны хооронд Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн  нэгдсэн дадлага сургуулийг анх удаа хотын нөхцөлд, бодит байдалд нийцүүлэн зохион байгуулах гэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь (soft target) террорист халдлагын тоо улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилд үйлдэгдсэн нийт террорист хадлагын тохиолдлуудын 72 хувь нь хүн ам олноор цугларсан газарт буюу зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, олон нийтийн жагсаал, цуглаан, тэмдэглэлт баяр ёслол, урт дараалал, автовокзал, төмөр замын вокзал, онгоцны буудал, спортын үзвэр үйлчилгээний газар, сургууль, боловсролын байгууллагуудын орчимд үйлдэгдсэн байна. Ийм төрлийн газруудад террорист хадлага үйлдэхэд амар хялбар, учруулах хохирол их байдгаараа онцлогтой.  

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 2341, 2396 дугаар тогтоолуудад улс орнуудыг хүн ам олноор цугларсан газарт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хамгаалах, мөрдөн шалгах, террорист халдлага үйлдэгдсэн тохиолдолд хор уршгийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай гэж уриалсан байдаг. Үүнтэй  холбогдуулан НҮБ-ын Терроризмтэй Тэмцэх Албанаас хүн ам олноор төвлөрсөн газруудын эмзэг байдлыг бууруулахад чиглэгдсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага сургууль нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 2341, 2396 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай эрх зүйн орчин шинэчлэгдсэн үед зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын тушаалаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны заавар зэрэг баримт бичиг тус тус батлагдсан байдаг.

2022 оны нэгдсэн дадлага сургуулийг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад террорист үйлдэл гарсан тохиолдолд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдаа, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс онцлов.

Монгол Улс нь хэдийгээр терроризмын аюул заналын хувьд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч терроризмын аюул занал, эрсдэлд бэлэн байдлаа хангах чадамжийг тогтмол бэхжүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх учиртай юм. Монгол Улс нь 2022 оны байдлаар олон улсын терроризмтой тэмцэх 19 олон улсын бичиг баримтын 13 бичиг баримтанд нэгдэж орсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x