УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

АУДИТ: Засгийн газрын нийт өр 21 их наяд 837.3 тэрбум төгрөг

 Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудитын дүгнэлт хийжээ.  Монгол Улсын Засгийн газар 2021 онд төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ зургаан зорилт дэвшүүлэн ажиллажээ.

Аудитаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 12 их наяд 711.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 15 их наяд 630.4 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 14 их наяд 306.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 398.2 тэрбум төгрөгөөр давсан. Урсгал зарлагыг 656.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 322.4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 405.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 3 их наяд 971.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2 их наяд 919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцүү байна.

Засгийн газрын нийт өр 2021 оны эцэст 26 их наяд 918.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 21 их наяд 837.3 тэрбум төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 50.8 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өр өмнөх оноос 3.5 хувь буюу 980.4 тэрбум төгрөгөөр буурсан тоо аж.

Мөн Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулиар баталсан Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 3 их наяд 881.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1101 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ.

Аудитаар улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэлийг 65.8 хувьтай дүгнэсэн, үүний 7.5 хувь буюу 83 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу, 10.8 хувь буюу 119 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, төсөвлөлтийн шаардлага бүрэн хангаагүй зарим төсөл, арга хэмжээг батлуулж санхүүжүүлсэн нь нөлөөлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаа нь төсөв, санхүүгийн  хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүй сул байгаагаас хамаарч байгааг анхаарах шаардлагатай байна гэж дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 09:50

Энэ засгийн газар арай их даварлаа. Гадаад өр т�##�ийв. Дотоодох өр бонд ч АРАЙ Ч ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button