УЛС ТӨР

ХУУЛЬ: Төрийн албанд ажилласан жилийн босго буурч, ур чадварт тавих шаардлага нэмэгдлээ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.07.05) өчигдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. 

Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны долоодугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлгийн авсан завсарлагааны хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа.

Тэрбээр бүлгийн хуралдаанаар уг асуудлыг ярилцаад Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаагаад Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван  гишүүнээс  өргөн мэдүүлсэн төслийг үлдээж, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэж анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн. 

Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн энэ өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсныг онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. 

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 23.3, 23.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 11.1-д заасан албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болно.”, “Энэ хуулийн 23.3-т заасан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 33.3 дахь хэсгийн “иргэнээс” гэснийг “иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас” гэж, мөн хэсгийн “шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авна.” гэснийг “шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. 

Мөн төслийн 4 дүгээр зүйлийн ““Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар” гэснийг “Иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон, улс төрийн албан хаагчаас бусад төрийн  албан хаагчийг”” гэснийг ““Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас” гэснийг “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн  албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон,”” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон 54.0 хувь нь дэмжсэн. 

Харин  хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас төслийн 1 дүгээр зүйлийн “гаргахыг хориглоно.” гэсний дараа  “Төрийн албаны тухай хуулийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэл гаргахгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд  оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнгүй.

Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд  танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Төрийн албаны зөвлөл  сумын Засаг даргын Тамгын газруудад нийт хэчнээн сул орон тоо байгаад тооцоо судалгаа хийж, үүнийг зайлшгүй нөхөх шаардлагатай байгааг тодотгоод энэ талаарх саналаа Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингийн хамт УИХ-ын дэд даргад хүргүүлснээ мэдэгдсэн.

Мөн тэрбээр сумын Засаг даргын Тамгын газруудад сул орон тоо олноор байгаагийн шалтгаан нь Төрийн албаны тухай хуулиар өндөр шаардлага тавьсан, босго оноог хэт өндөр тогтоосон, албан хаагчийн цалин хөлс бага байгаатай холбоотой гээд үүнээс болоод орон нутгийн иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй байгааг онцлон тэмдэгдэсэн. Мөн Улсын Их С.Бямбацогт энэ хуулиар төрийн анхан шатны нэгж болон  боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг халж, солих зэрэг асуудлыг зохицуулахад анхаарсныг тодотгоод цаашдаа төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд холбогдох байгуулагууд анхаарлаа чиглүүлж ажиллах шаардлагатай гэж байлаа.

Ингээд хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах саналыг хуралдаанд оролцсон 86.0 хувь нь дэмжсэн.  

Уг хуулийг баталснаар ажилласан жилийн босго буурч, ур чадварт тавих шаардлага нэмэгдэж байна. Мөн төрийн үйлчилгээний удирдах албан хаагч, төрийн тусгай албан хаагчийг төрийн захиргаатай адилтгахаар болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-06 11:52

Ажилласан жилийн босго өндөр байх нь зөв юм байгаа юм шүү дээ. Тэр хэмжээгээр хүмүүсийн туршлага нэмэгдэж, ур чадвар суудаг. Туршлага суунаа гадаг чинь юмаа мэдэж, асуудлыг шийдвэрлэж чаддаг болно гэсэн үг шүү дээ. Өөрсдийнхөө чихээсний туршлагаггүй, чадваргүй юмнууддаа тааруулсан хууль батлах юм даа хөөрхий. Самарч өгч байна дөө нөгөөдүүл нь.

Холбоотой мэдээ

Back to top button