Ярилцлага

Б.Энхмаа: Хүү маань хоёр настайгаасаа морь унаж, морьдоо өөрөө цоройлгож сургасан

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны парадад оролцсон морьтой хөвгүүд наадмын нэгэн бахархал, чимэг байлаа. Унасан морио цоройлгож, ёслуулж, эмээл дээрээ босч төрөл бүрийн үзүүлбэрээр наадамчин олноо цэнгүүлсэн эрэмгий хөвгүүд бол найман настай Т.Тэмүүн, Ц.Тэнүүн нар юм.  Уг хоёр хүлэг Т.Тэмүүний өөрийн унаган морьд  бөгөөд хүү өөрөө цоройлгож сургасан аж. Бид Т.Тэмүүний ээж  Б.Энхмаатай ярилцлаа. Т.Тэмүүний аав Х.Түвшинжаргал гар урлаач, сийлбэрчин, харин ээж Б.Энхмаа багш, орчуулагч мэргэжилтэй ч залуу хос монгол өв соёл, уламжлалыг харуулсан жуучлалын бизнес эрхлэн Тэрэлжид суурьшин амьдарч байна. Эднийх нохой, морин чарга, морин аялал, морин харваа, усан завь, дөрвөн дугуйт мотоцикл, мөсөн хадны авиралт зэрэг аялал жуулчлалын төрлөөр үйл ажиллагаа явуулдаг.  

-Энэ жилийн өргөн дэлгэр баяр наадмын нэгэн бахархал нь танай хүү байлаа. Та хүүгээ танилцуулаач?  

-Миний хүү Т.Тэмүүн найман настай. Одоо гуравдугаар ангид орно. Нөгөө хүү нь бол аавынх нь багын найзын хүүхэд Ц.Тэнүүн. Хөвгүүд маань хоёулаа хурдан морь унадаг, найзууд.

-Хүүгээ моринд хэдийнээс сургав?  

-Хоёр настайдаа морь унаж сурсан. Манай нөхөр адуунд хайртай, сонирхолтой хүн болохоор хүүгээ хөлд орохоос нь адуу, морь, нохой чарга гээд ажлаа хийхдээ байнга дагуулж явж эхэлсэн.  Тэгээд хүүхэд өөрөө сонирхолтой бол юуг ч сурдаг юм байна.

-Хоёр настай хүүхдээ моринд мордуулахад айдас байсан уу?

-Аав нь тэр үед эмээл бэлдэж өгөөд анх мордуулахад нь жаахан айж байсан. Дараа нь таван наснаасаа хурдан морь унаж эхлэхэд бас бага зэргийн айдастай л явлаа.  Одоо бол хүүгээрээ бахархаж байна. Хурдан морь анх унахад нь би эмнэлэгт хэвтчихсэн, тэгээд бичлэгийг нь үзээд зөндөө уйлсан. Өөрийн эрхгүй омогшоод, нулимсаа барьж дийлэхгүй байсан.

-Наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох болсон тухайд?

-Тэмүүн, Тэнүүн хоёрын унасан морьд бол манай өөрийн адуу. Аав нь бас нэг морио унаад парадад орсон. Морин спортын анхны гавьяат тамирчин Цэрмаа эгч хүүгийн маань морь унаж байхыг хараад өхөөрдөөд тэгээд санал тавьсан. Наадмын нээлтийн хамгийн эхэнд явсан. Тэмүүн зургаан настайдаа нэг өдөр “ааваа танд нэг юм үзүүлье” гээд. Тэгээд дагаад очсон чинь  морио цоройлгож сургасан байсан. Хамгийн анх казах гээд нэг хар морио, дараа нь сая унасан халзан морио сургасан. Цэрмаа эгч энийг нь бас мэдэж байсан байх. Нөгөө талаас Тэмүүн улсын наадам үзэж байгаагүй хүүхэд учраас бид хоёр ч дуртай зөвшөөрсөн.

-Та хамт очсон уу...?

-Тэгэлгүй яахав. Бид нар 05 цагт цэнгэлдэхэд очсон. Миний хүү нээлт эхлэхгүй болохоор унтчих гээд жаахан тавгүй харагдаад байлаа. Тэгээд гарах боллоо гэсэн чинь онгироод, хөөрөөд, нүд нь гялалзаад босоод ирсэн. Өөрөө үнэхээр их сонирхолтой юм билээ. Би бүр ард зогсож байсан болохоор хүүгээ сайн харж чадаагүй. Дараа нь бичлэг үзээд хүүхдээ огт өөр өнцгөөс харсан. Морио удирдаж, хүмүүсийн уухайг мэдэрч, үзүүлбэрээ өөрийн болгож харуулж байгаа нь үнэхээр бахархалтай санагдсан.   

-Хүү өөрөө ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Би ямар байсан бэ гэж асуусан. Манай хүн хүүгээрээ бахархаад уйлчихсан орж ирсэн. Уг нь тийм ойр нулимстой хүн биш л дээ. Үзэгчид гэнэт уухайлаад эхлэхээр аав нь эргээд харсан чинь Тэмүүн морио цоройлгож, наадамчдыг баясгаж байсан гэсэн. Хүмүүсийг уухайлахаар дахиж цоройлгоод, эмээл дээрээ гарч зогсоод л. Хэзээ ч тэгж эмээл дээрээ зогсож сурсан юм, бүү мэд. Хүүгээрээ үнэхээр бахархсан. Наадмын маргааш “Номин”-гийн 30 жилийн ойн наадам урьсан.  Тэнд үзүүлбэрээ улам өөртөө итгэлтэй, гоё үзүүлж байсан.   

-Бие даасан, хэрсүү, эрэмгий. Олон хүн хүүгээр тань бахархсан байхаа?

-Миний хүү ой 7 сартайдаа дүүтэй болж, аавын хүүхэд болсон. Аав нь их хөдөлмөрч хүн, хүүгээ бүх ажилдаа дагуулаад дэргэдээ авч явна. Дээрээс нь унаач хүүхдүүд, адуучин ах нартайгаа ойрхон өссөн нь миний хүүд их нөлөөлсөн байх. Ер нь өдөр тутамдаа ч гэсэн их бие даасан. Ангийн багш хүний арга эв олдог, тусархуу, нийтэч гэж хэлдэг. Айлын том хүүхэд болохоор өөрөө аав, ээждээ тус болно, ганц эмэгтэй дүүгээ хайрлаж, хамгаална гэсэн ухамсар суун өсөж байгаа нь анзаарагддаг. Одоо аавдаа туслаад нохой чаргаа өөрөө удирдаад явчихна. Мотоцикл, бас аавынхаа нэг жижиг машиныг уначихна. Морин аялалд явна.  Нэг нас хүрэхэд аав нь өөрт нь таарсан чарга хийж өгөөд тэгээд нохой чарга сурсан. Ааваа, ааваа гээд багахан зайд тойрог хийж яваа бичлэг нь байдаг.

-Нэвтрүүлэгт оролцохдоо би аав, ээжийнхээ ажлыг үргэлжлүүлээд аваад явна гэж хэлж байсан...?

-Бүр жаахан байхдаа цагдаа болно гэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд би та хоёрын энэ ажлыг л хийнэ гэх болсон. Миний хүү кэмбрижийн сургалттай хувийн сургуульд сурдаг. Нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн. Бид хоёр хүүгээ хөгжиж байгаа нийгэмтэйгээ хөл нийлүүлэх, тал талын мэдлэгтэй боловсролтой хүн болгох зорилготой яваа. Миний бас нэг мөрөөдөл бол хүүгээ морин хуур тоглож сургах. Ирэх жил нас нь гүйцэхээр нэг багшид шавь оруулна. Өөрөө хөгжмийн урлагт маш дуртай хүүхэд.

-Танайх энд суурьшаад удаж байна уу?

-Манай энэ хэсэг харьяаллаараа Төв аймгийн Эрдэнэ сумандаа ордог. Манай хүн энэ нутгийн  уугуул. Би 18 насандаа Дорноговиос бэр болж ирээд арваад жил өнгөрчээ.

-Та хүүхдээ ийм хүчирхэг, хэрсүү, дайчин болгож өсгөсөн хүн болохоор аав, ээжүүдэд хандаад зөвлөх зүйл байгаа болов уу?

-Бид хоёр хүүгээ сайхан монгол эр хүн болгон төлөвшүүлж өсгөх хүсэл мөрөөдөлтэй. Ирээдүйд бид бэртэй болно. Айлын охин хүүхдийг хайрлаж, бүх зүйлд нь түшиг болоод явчих эр хүн бэлдчихвэл ээжийнх нь мөрөөдөл биелнэ гэж боддог. Аав, ээжүүд хүүхдээ хайрлаж байна гээд хөгжихийг нь хааж боогоод байх шиг санагддаг. Манайд найм, арван  настай хүүхдүүдтэйгээ ирээд моринд дөхөхийг ч зөвшөөрдөггүй. Уначихна, өшиглөнө гэж болгоомжилдог. Сонирхож байгаа юманд нь хорих хэрэггүй. Тэгж л хэлмээр байна.

-Танд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-14 09:11

Мундаг . барууны баас долоогчид мэдэж аваг .... Монгол хүн монголоороо өсч байж л хүрэлсүх биш " сүхжанжин " болдог юм ...

Холбоотой мэдээ

Back to top button