НИЙГЭМ

Иргэд "Байгалийн түүхийн музей"-н барилгыг нураахыг эсэргүүцэж, мэдэгдэл хийлээ

Өнөөдөр /2019.10.01/ иргэдийн зүгээс “Байгалийн түүхийн музей”, “Төв номын сан”, “Дуурийн театр”, “Драмын театр”-ын барилгуудыг нурааж, шинээр барих тухай тендер зарлагдаж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Таван хоногийн өмнө “Улаанбаатар - иргэдийн форум”  хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба үүгээр дээрх дөрвөн барилгыг нураах тухай асуудлыг авч хэлцэж, мэргэжлийн экспертүүдийн санал, зөвлөгөөг сонссон тухайгаа тэд хэлж байв. МХЕГ-аас гаргасан дүгнэлт дээр үндэслэн нураана хэмээж буй төрийн шийдвэрийг тэд эсэргүүцэж, эдгээр барилгуудыг хүчитгэж, шинэчлэн засварлах боломжтой гэдэг байр суурийг илэрхийллээ.

УБ хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр:

Энэ бол соёлын өвөө буулган авж байгаатай агаар нэг зүйл. Аварч, хамгаалъя гэхийн оронд нураая, устгая гэж байгаа нь харамсалтай. Түүхэн талаасаа Улаанбаатар хотын орчин үеийн бүтээн байгуулалт, анхны барилга байгууламжийн дурсамж болж үлдэх учиртай. МХЕГ-аас бол тодорхойлсон ерөнхий дүгнэлт л гаргадаг. Дэлхийд үүнээс муу барилгыг аваад үлдсэн жишээнүүд бий. Хотынхоо түүх, иргэдийнхээ дурсамжийг аварч үлдье гэж хэлмээр байна.

Байгалийн түүхийн музейг хэрэв нураавал бусдыг нь нураана гэдэг цаг хугацааны асуудал болох байх гэж харж байна. Хэрэв шинээр барилга барих санхүүгийн төсөв нь байгаа бол арай өөр газар барьж, байгуулсан нь зөв болов уу. Харин байгаа зүйлийг нь устгаад, оронд нь яг адилхан зүйл барина гэдэг утгагүй гэж үзэж байгаа хэмээн хэлсэн бол, “Монгол туургатны төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр:

Шүүхэд мэдэгдэл хүргүүлсэн, мөн БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн байгаа. Үүнээс гадна олон улсын экспертүүдэд хандаж, зөвлөгөө авч байна. Эдгээр барилгыг хүчитгэх бүрэн боломжтой гэдэг судалгаа гарсан. Иймээс газрыг нь суллаж авах зорилгоор золионд нь түүхэн барилгууд явж байгаа дүр зураг бүхий ашиг сонирхол гэж ойлгож болно. Соёлын өвийн бүртгэлд хамаарагддаг барилга шүү дээ гэв. Харин “Улаанбаатар – иргэдийн форум”-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цацрал:

Энэ барилгууд өөрөө соёлын өвд бүртгэлтэй байдаг учир соёлын өвийг хамгаалах хууль үүн дээр хэрэгжих учиртай. Төр нь соёлын өвөө хамгаалах ёстой гэж заасан байдаг. Гэтэл нураах тендерийг төрийн захиргааны байгууллага болох БСШУСЯ зарласан. Өнгөрсөн долоо хоногт болсон хурал дээр иргэд, “Арай ч нураахгүй байлгүй дээ гэж бодож байлаа” хэмээн халаглах нь олонтаа байна. МХЕГ-аас гаргасан дүгнэлтээр нураах ёстой гэсэн шийдвэр гараагүй, ямар байдалд байгаа тухай дүгнэлт л гарсан гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Г.БЭЛГҮТЭЙ

https://www.facebook.com/eguurmgl/videos/363899671154575/
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button