Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.доллар байршуулах шаардлага тавихаа болино
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.06.21) боллоо. Хуралдаанаар 40 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээ унасан. Оюу толгойг эс тооцвол. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлт, ажлын байранд сөргөөр нөлөөлдөг. Хөгжлийг түргэтгэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхөөр Засгийн газар шийдлээ. 65 хоногийн дотор бүх хэлэлцүүлгийг зохион байгуулж, 120 гаруй байгууллагаас санал авсан. Нийт саналын 60 хувийг төсөлдөө тусгасан.
Үндсэн гол хэсэг нь, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх асуудал. Нэг гомдол шүүхээр 16 жил явсан кэйс ч байна. Дунджаар 6.2 жил болдог юм байна. Хөрөнгө оруулалт хийнэ гэж Монголд орж ирээд зургаан жилийг нь шүүх дээр зарцуулна гэсэн үг. Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулахаар болж байгаа. Хэрэв хүсвэл арбитрт ба шүүхэд хандаж болно.
Дараагийн зүйл нь, хөрөнгө оруулахад элдэв саад учруулдаг бүх хүчин зүйлийг болиулна. Монгол Улс хөрөнгө оруулалтад таатай орчин болох ёстой. Тухайлбал, заавал дансанд 100 мянган ам.долларын босго тавьдаг. Дэлхийн 24 орон л ийм шаардлага тавьдаг юм байна. Тэдний хөгжил бас өндөр биш.
Мөн, төрөөс хийдэг төрөл бүрийн хяналт шалгалт байна. Төрийн шалгалт нэг удаа цувж, давхардаж орж ирдэг гэдэг. Иймд жилд хамгийн ихдээ хоёр удаа шалгах заалт оруулж ирж байна.
Дотоодын ААН-д нэг өөр, гадаадын ААН-д нэг өөр хураамж тавигддаг байсныг болиулж байна. Удахгүй болох хөрөнгө оруулалтын форумд энэ өөрчлөлтөө танилцуулах зорилготой.
Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөв тодотгож, зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Ам.долларын эрэлтийг 3000 орчим сая долларыг нэмэгдүүлэх шинжтэй. Иймд хариу арга хэмжээ болох бодлогын шийдлүүдийг Засгийн газар санал болголоо. Үнэ тогтворжуулах биш нийлүүлэлтийг нэмэгдүүлэх л бодлого баримталж байна. Уул уурхайн биржийг олон хүн эсэргүүцэж байсан. Үр дүнтэй л ажиллаж байна. Хоёр өдрийн өмнө гэхэд 63 удаа үнэ дуудлаа шүү дээ. Иймд хөдөө аж ахуйн биржийг ч мөн ажиллуулах шаардлага үүсээд байна.
Дараагийн багц арга хэмжээ бол валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарах юм. Аль болох олон боомтоор гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүн гаргадаг байхыг анхаарна. Долдугаар сарын 1-нээс биржээр нүүрсээс гадна жонш, төмрийн хүдэр зарна. Энэ хэрээр валютын нөөц нэмэгдээд явна.
Мөн банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал байгаа. Нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр хүү буурна. Мөнгөний хэмжээ хязгаарлагдмал, хүү өндөр байгаад байдаг. Энэ ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх ёстой” гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадууд орж ирнэ
50.000$ гээд ардын дайсан болгож байлаа одоо бүр О тэглэжээ
уурхай худалдаж авах солонгосууд орж ирэхгүй байна
Хөрөнгө оруулалтаас өөр эдийн засгаа хөгжүүлэх арга зам бодлого алга уу. Зарах залилахдаа гаршсан мэргэшсэн хулгайч минь. Ийм гашилсан толгойтой буруу гарын оркоор яана даа. Үйлдвэржүүлэлт гэж ер ярихгүй юмдаа.