НИЙГЭМ

13 настай Ч.Энэрэл: Би бүх төрлийн веб сайтыг хийж чадна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг 13 настай Ч.Энэрэл охин код бичиж, веб сайтын хөгжүүлэлт хийж сураад гурван жил болж байгаа аж. Бид түүнтэй холбогдож код бичиж сурсан түүх, цаашдын зорилгынх нь талаар тодруулсан юм.

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангид суралцдаг. Эмээ болон дүүгийн хамт амьдардаг юм. Хичээлээс бусад үед код бичих, ном орчуулах, гадуур найз нөхөдтэйгөө уулзах дуртай.

-Код бичиж сурахад нь хэн нөлөөлсөн бэ?

-Америкт ажиллаж амьдардаг нагац эгч маань кодын чиглэлээр сурч төгссөн юм. Тэр эгч минь надад "Чиний тоглодог тоглоом, дуу, бичлэг үздэг веб сайтуудыг кодын тусламжтайгаар бүтээдэг юм" хэмээсэн. Тухайн үеэс эхлэн кодын талаар сонирхож илүү гоё тоглоомын сайтыг өөрөө бүтээхээр шимтэн суралцах болсон юм. Миний анхны багш бол нагац эгч минь. Надад онлайнаар хичээл орж байсан юм. Харин хоёрдох багш минь Youtube суваг.

-Цаашдын зорилго, мөрөөдлийнхөө талаар ярьж өгөөч?

-Ихэнх тохиолдолд эрэгтэй хүмүүс кодыг ихэвчлэн сонирхдог, суралцдаг. Тийм болохоор гадаадын компани эмэгтэй код бичигчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг зарладаг. Тухайн тэтгэлэгт энэ жил хамрагдах гэсэн ч нас маань хүрээгүй. Дараа жил хүч сорих бодолтой байна. Тухайн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцчихвэл миний эхний зорилго биеллээ гэж хэлж болно.

-Одоогоор ямар төрлийн код бичиж, веб сайт хийж чадах вэ. Хийсэн сайтаа бусдад зарах бодол бий юу?

-Бүх төрлийн веб сайт хийж чадна.Хүмүүсийн хамгийн сайн мэддэг Youtube сайтыг би хийж чадна. Одоогоор найм орчим веб сайтыг хөгжүүлсэн билээ. Өөрийн оюун ухаанаар бүтээсэн сайтаа хэн нэгэнд зарах бодолгүй байна.

-Чиний мөрөөдлийг хамгийн ихээр хэн дэмждэг вэ?

-Гадаадад суудаг нагац эгч, эмээ болон ээж минь хамгийн ихээр дэмжиж, тусалж байгаа. Тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээж явдаг аа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2023-08-23 17:18

Ёстой мундаг! Уха�##�аг, хөөрхөн охин байна! Амжилт ерөөе!

Холбоотой мэдээ

Back to top button