Нийгэм мэдээ

8 жил school police хийж буй иргэн: Анх 10 мянгаар эхэлсэн, одоо ₮35-40 мянгыг авдаг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой School police хөтөлбөр 11 дэх жилдээ хэрэгжиж байна. Аав ээжүүд эргүүлийг 2 ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж, ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн.

Гэвч иргэдэд сургуулийн эргүүлд өөрөө зогсож чадахгүй, хэн нэгнийг гуйх, төлбөр төлж зогсоох хэрэгцээ байнга үүсдэг. Үүнийг дагаад School police хийдэг хүмүүс ч олширсон. 64 настай А.Энхтайван тэдний нэг бөгөөд 2017 оноос хойш энэ чиглэлээр зар тавьж ажиллаж байна.

Түүнтэй товчхон ярилцлаа.

-Та School police ажлыг 8 дахь жилдээ хийж байгаа гэлээ. Анх хэрхэн эхэлсэн бэ?

-Би цагдаагийн байгууллагад жолооч хийж байгаад 2000 онд тэтгэвтээ гарсан. Тэгээд хотод орж ирээд Ерөнхий боловсролын сургуулиудад мужаан, цахилгаан, жижүүр зэрэг ажлуудыг олон жил хийсэн. Ах нь өөрөө 8 ач, зээтэй. School police хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ач, зээ нарынхаа сургууль дээр эргүүл хийж эхэлсэн. Ингээд зогсож байхад зарим айлаас хүн ирэхгүй, ирсэн нь ардаа ажил төрөлтэй гээд хүн гуйгаад буцаад гүйнэ гээд янз янзын асуудал ажиглагдаж байсан. Тийм учраас 2017 оноос эхлээд хүмүүсийн өмнөөс нь энэ ажлыг хийе гэж шийдсэн.

-Үнэ хөлс бусад харилцаа хандлагын хувьд ямархуу байдаг вэ?

-Анх 10 мянган төгрөгийн цалинтай эхэлж байсан. Тэгээд 15, 20 гээд зах зээлээ дагаж нэмэгдсээр байгаад өнөөдөр хэдэн цаг зогсохоос шалтгаалаад 35-40 мянган төгрөгөөр гүйцэтгэдэг. Тухайн сургууль хэдэн ээлжтэйгээс хамаарна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд очоогүй сургууль бараг байхгүй дээ. Харилцаа гэхээр аав, ээжүүд зогсоод өгөөч гээд ярина. Тэгээд анги дээр нь очоод мөнгөө шилжүүлэнгүүт нь багшид нь хэлж гарын үсэг зураад ажилдаа гардаг. Цаг нь дуусахаар хантааз, туг, мэдээгээ өгчхөөд харина.

Хандлагын хувьд би ямар ч хүнийг "Та, ахаа, эгчээ" гэж хүндэлж дууддаг. Ер нь явж явж хүн чинь хүний сайхан сэтгэлээс айдаг юм шүү дээ. Өөрөө хүндлээд, хайрлаад, зөв байгаад байвал цаад хүн ч хичээж эхэлдэг. Намайг та гэхээр зарим хүн гайхдаг. Зарим нь та даарч байна уу гээд халуун уух юм аваад ирнэ. Би бүх хүүхдийг замаар тугаа өргөөд хөтөлж гаргаж өгдөг. Олон төрлийн хүнтэй харьцаж байгаа ч өөрөө зөв сайхан байгаад байвал болдог юм даа.

-Та хоёр ээлжид зогсдог уу, эсвэл?

-Нэг л ээлжинд гарна. Өдөржин зогсвол ядарна. Би өвөлдөө хүүхдийнхээ байгуулсан засварын газар ажилладаг. Ач, зээ нарынхаа сургуулийн эргүүлд гарна. Одоо гурав хоногийн дараа 7 дугаар ангийн зээ хүүгийн ээлж, тэнд зогсоно. Надаас унах юм байх биш. Өөрсдөө зогсож чадахгүй бол 89782727 дугаараар яриарай.

А.Энхтайван гэж энэ хүн архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд ажилсаг, шударга байдлыг мөрдөж явдаг гэлээ. Тэрбээр зав чөлөөгөөрөө бас таксинд явна. Ингэхдээ настай хүн, хүүхдээс хаана ч буусан 500 төгрөг, харин залуучуудаас бол км-ээр тооцож мөнгө авдаг юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-14 16:43

Болж байншд хүн ажлыг голдоггүй юм

Холбоотой мэдээ

Back to top button