Нийгэм мэдээ

Аврагчид дөрвөн амиар хувцас, хэрэгсэлтэй болов

Он гарсаар онцгой байдлын дөрвөн аврагч гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдав.

Тодруулбал, Дүнжингаравын зам дээрх газ ачсан машины дэлбэрэлтэд гурав нь, "Миний дэлгүүр"-ийн түрээсэлдэг барилгад гарсан түймэрт ажиллах үеэрээ нэг нь өөд болсон. Үүний өмнө 2023 оны 12 дугаар сард орон сууцанд гарсан түймэрт залуухан аврагч бас өртөж нас барсан билээ.

Сүүлийн тохиолдлын дараа Онцгой байдлын салбарын бодит нөхцөл байдлын талаар шүгэл үлээгчид гарч ирсэн. Тодруулбал, 5 сая төгрөгийн хүчилтөрөгчийн багийг эвдэрвэл өөрсдөөр нь төлүүлдэг тул түймрийн голомтод өмсөхөөс эмээдэг, цалингаас нь татаас авдаг, хувийн ахуйн ажилдаа байнга зардаг гэх мэт кэйсүүдийг нэрлэсэн юм.

Өчигдрийн /2024.04.24/ Засгийн газрын хуралдааны дараа "шоовдорлогдсон" онцгойгийнхны асуудалд анхаарлаа хандуулснаа шадар сайд хэлэв. Тэрбээр "Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгагдаж, шийдвэрлэгдэж байна. Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногт эдгээрийн нийлүүлэлт хийгдэж эхэлнэ. Өнгөрсөн долоо хоногт алба хаагчдын цалинг нэмсэн. Албан хаагчдын 50-70 хувь нь гэр хороололд амьдардагт учир түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулна" гэв.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн юм.

Тангараг өргөсөн андаа нүдэн дээрээ алдсан ч дараагийн аюулын дуудлагад байгаагаа өмсөөд л гардаг аврагчдын аюулгүй байдал, техник хувцас хэрэглэлийн хангалтгүй байдал үргэлжид асуудал дагуулсаар ирсэн ч өнөөдөр ийнхүү анхаарлын төвд орж чадлаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө дарга нар нь наад мөнгийг нь аваад идчих байлгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дарга нар тэр мөнгийг халаасалж яваад үрчихдэг гэдэг наад тэнэг сэтгэхүйнээсээ салбал таарна даа. Нэг муу агентлагт төсөвлөгдсөн мөнгөө зарцуулах нь бөөн лай л байдаг ш дээ. Сангийн яамнаас эхлээд хэдэн шат дараатай хяналт шалгалт гээд нэг даргын гараар зарцуулчихдаг юм биш ш дээ. Ажил хийж үзээгүй ямар ч ойлголтгүй гарууд л мэдэмхийрэх дуртай юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button