Англид амьдардаг монгол бүсгүй цэцэрлэгтээ гэр барьж, Дарь эхийн уншлага хийдэг

Английн Кэнт мужид амьдардаг монгол бүсгүй П.Одгэрэл арав дахь жилдээ цэцэрлэгтээ монгол гэрээ барьжээ.
Тодруулбал, тэрбээр арваад жилийн өмнө Нарантуул захаас хоёр авдар, зуух яндантай энэ гэрийг худалдан авч, Герман хүртэл онгоцоор, Англи руу газраар тээвэрлэсэн байна. Тэр цагаас хойш зун, хавартаа барьж, намар хүйт ороод ирэхээр хураачихдаг аж. Мөн улсын баяр наадмаар Лондонд аваачиж барьж монголчуудадаа болон гадаадад нүүдэлчин соёлоо бахархалтайгаар танилцуулдаг байна.
Тэрбээр "Анхандаа өөрөө хөдөө гэрт өссөн хүн болохоор зун нь монгол гэрээ бариад хэрэглэж байя гэж бодоод авсан. Харин гэрээ барьчихсан чинь монголоо санасан монголчууд маань ирж хонож өнждөг болсон. Мөн бид нар нийлээд хүүхдүүддээ гэрээ танилцуулж, барих аргыг нь зааж өгдөг.
Энэ жилиин гэр барих ёслолоор далимдуулж энд байдаг монголчууд маань Дарь эхийн уншлага, магтан дуулал хийсэн. Бид нар долоо хоногт нэг удаа уншлага хийж, сайн өдрүүдэд багшийнхаа айлдасаны дагуу бурхадаа тахиж, ном хурж, тахил заллага хийдэг" гэж ярилаа.
П.Одгэрэлийн гэр бүлийн хүнийг Роберт Палмёр гэдэг бөгөөд энэ жил гэртээ шинэ шал хийжээ. Тэр хоёр монгол явахаараа гэриинхээ бүрээс ойр зуурын овор багатай зүйлсийг шинэчилдэг гэж нэмж хэллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ишшш, бид ийм мэдээ унштлаа самуурах гэж дээ.