Ханх сум: 5.2 магнитудын газар хөдөлж байшин цуурч, иргэд хямарч эмнэлэгт ирж байна
Өнөөдөр /2024.12.05/ үүрээр Хөвсгөл аймгийн Ханх суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Уг тохиолдол иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаар тус сумын Засаг Даргын Тамгын Газар /ЗДТГ/-аас тодруулж асуулаа.
-Энэ удаад нэлээд хүчтэй газар хөдөллөө. Иргэдэд учирсан хор хохирол гайгүй юу?
-Өнөөдөр /2024.12.05/ өглөө 06 цаг 17 минутад унтаж байхад сэрэх хэмжээний хүчтэй хөдөлсөн. Байшин барилга бага зэрэг чихарсан. Манай тамгын газрын байр өмнөх газар хөдлөлтөд цууралттай байсан, тэр нэмэгдэж. Одоогоор иргэдээс онц ноцтой хохирол учирсан мэдээлэл ирээгүй ЗДТГ бүх утсаа нээлттэй ажиллаж байна. Иргэд маань газар хөдлөхөөрөө дахин чичирхийлдгийг мэддэг учраас эргэж унтаагүй гэцгээлээ. Мөн толгой эргэх, дотор муухайрах зовиурууд илэрч эмнэлэг рүү очиж байна гэнэ.
-Малчин айл өрхүүдэд мэдрэгдсэн болов уу?
-Малчдаас мэдээ алга. Газар хөдлөлт идэвхтэй хөдөлсөн сумаас зүүн тийш 10 км Тойн голд хоёр л малчин айл бий.
-Ханхад ойр ойрхон газар хөдөлдөг. Ойрд хэр байсан бэ?
- Манай сум өндөр уулын бүсэд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 4-4,5 баллын хүчтэй газар хөдлөлт олон удаа болсон. Тав болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөхөөр хоёр давхар байшин чичирхийлдэг, иргэд маань ч энэ талаар сайн мэдлэгтэй болсон. Сум орон нутгийн зүгээс газар хөдлөлтийн дадлагыг их хийдэг. Өмнө 6.5 магнитудын газар хөдлөлтөд хор хохирол зөндөө учирсан.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.