Үнэний төлөө тэмцэгч Татъяна Фелгенхаур: Хүмүүст суртал ухуулга, бусдын дуу хоолойг дарах гэсэн мэдээлэл хэрэггүй
Татъяна Фелгенхаур нь ОХУ-ын хараат бус сэтгүүлч, нийгмийн идэвхтэн бөгөөд тэрбээр “Echo of Moscow” буюу “Москвагийн цуурай” радиогийн редакторын орлогчоор ажилладаг байсан юм. Өөрийн нэрээр youtube суваг дээрээ Оросын тэргүүлэх шинжээчид болон иргэний нийгмийн идэвхтнүүд болон улс төрчдийг урьж ярилцдаг бөгөөд 2022 оны 3-р сарын 1-нд Украины дайны талаар шүүмжилж мэдээлэл түгээсэн шалтгаанаар эрх баригчид түүний “Echo of Moscow” радиогийн үйл ажиллагааг хаасан. Татъяна 2004 онд тус радиогийн сэтгүүлч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлж, дотоодын улс төр, эсэргүүцлийн хөдөлгөөн болон Оросын нийгэмд Путины цэрэгжсэн гадаад бодлого хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжилга, нэвтрүүлгүүд бэлдэн хүргэдэг байв.
2018 онд “Time” сэтгүүлийн “Оны хүн” буюу дэлхийн өнцөг булан бүрт үнэний төлөөх дайнд зүтгэж буй сэтгүүлчдийн нэг хэмээн “The Guardians” төрөлд нэрлэгдсэн юм. Ийн тэр зоригтой сурвалжилгуудаараа нэрд гарсны нэг нь Оросын сонгуулийн дүнг хуурамчаар үйлдсэнд эсэргүүцсэн Болотная талбай, Сахаровын өргөн чөлөөнд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож, радиогийн шууд нэвтрүүлгээр үйл явдлыг сурвалжилж, олон нийтэд болж буй процессийг нээлттэй мэдээлснийг нь нэрлэж болно.
Уг шууд дамжуулалтынх нь дараахан буюу 2017 оны 10-р сард Татъяана “Echo of Moscow” радиогийнхоо оффист Гүрж гаралтай Борис Гриц гэх этгээдэд хутгалуулж, мөн хүзүүндээ хүнд гэмтэл авсан бөгөөд амь насанд нь халдах гэсэн оролдлогоос амьд үлдэж, хоёр сарын дараанаас ажилдаа эргэн оржээ. Энэ халдлагын дараа түүнийг гадны ашиг сонирхлын төлөө ажилладаг хэмээн буруутгасан мэдээлэл гадуур түгэх болсон юм.
2022 онд Орос, Украины дайн эхэлсний дараа Татъяна Оросоос гарч, Литвийн нийслэл Вилньюс хот руу нүүсэн бөгөөд “Echo of Moscow”-гийн ажлаасаа гадна “TV Rain” сувгаар тогтмол нэврүүлэг хөтлөж, “Deutsce Welle”-д нийтлэл бичиж, “Transparency International Russia” тусгай төслүүдэд оролцон ажиллах болов. Оросыг орхихоосоо өмнө Москвагийн Боловсролын Их сургуульд улс төрийн социологиор магистр хамгаалаад мөн амжсан юм. Түүнийг Оросыг орхин гарсны дараа 2022 оны 10-р сарын 21-нд ОХУ гадаад агентуудын жагсаалтад оруулав.
CPJ-ийн Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Мэрил Стрип тайзан дээрээс Татьяна Фельгенгауэр, Юлия Иоффе, Маша Гессен нарын ажлыг биширдэг гэдгээ хэлж байсан юм.
Ингээд түүний “LRT”-д өгсөн ярилцлагыг бид орчуулан хүргэж байна.
-Литвийн зарим улс төрч, сэтгүүлчид Путинийг дэмждэггүй ч Оросын хараат бус сэтгүүлчид Литвад хүндэтгэлтэй ханддаггүй гэж үздэг. Тэд мөн эдгээр сэтгүүлчид ОХУ-ын эрх баригчдын туслалцаагүйгээр энд удаан хугацаанд амьдрах боломжгүй гэдэгт хэрхэн ханддаг вэ?
-Би ийм зүйл сонсож байгаагүй нь азтай хэрэг. “Москвагийн цуурай” радиод 18 жил ажилласан байхад ОХУ-ын эрх баригчидтай хамтардаг гэж яривал би зүгээр л инээнэ. Миний нэвтрүүлгийг огт сонсож байгаагүй юм байна л гэж хариулах байх. Орос сэтгүүлчдийн талаар ярьж байгаа хүмүүсийн дийлэнх нь юу ярьж байгаагаа мэддэггүй. Оросын суртал ухуулга, Оросын сэтгүүл зүй хоёрын ялгааг ойлгодоггүй гэх үү дээ. Магадгүй тэд Светлана Рейтер эсвэл Анастасия Лотаревагийн талаар хэзээ ч сонсоогүй, энэ талаар сонирхож, анхаарал ч тавьдаггүй биз. Тэд ч гэсэн улсынхаа талаарх санаа зовнилтой, үзэгчидтэй. Хэрвээ та Орос сэтгүүлчдийн талаар ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байгаа бол эхлээд мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Би Литвийн улс төр дээр мэдлэг, туршлагагүй учраас үзэл бодлоо илэрхийлэхгүй. Нөгөө талаараа сонсогчдоо хүндэтгэж, тийм зүйл хийхгүй. Орос сэтгүүлчид “муу” гэж яриад эхэлбэл би дээрх хариултыг л хэлэх болно.
Литвийн сэтгүүлчид Оросын сэтгүүлчдийн тулгарч буй бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаагүйд би баяртай байдаг. Цензурддэггүй, үг хэлснийхээ төлөө шоронд ордоггүй, ерөнхий редактор чинь ажлаасаа халагдах аюулд байнга өртдөггүй, өмчлөлийн өөрчлөлттэй байнга нүүр тулдаггүй, эдийн засгийн дарамтад ордоггүй. Харамсалтай нь эдгээр бүх зүйлийг биднээс булаасан. Бид өөрсдийнхөө сонголтоор ийм нөхцөлд ороогүй гэдгийг гол нь ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид энэ мэргэжлийг сонгосон учраас Оросыг орхин гарч, бүхнээ орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн юм.
-“Москвагийн цуурай”-гийн баг 2-р сарын 24-өөс хойш өөр улс руу нүүж, тэндээс нэвтрүүлгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан уу?
-“Москвагийн цуурай” редакцын баг маш том бөгөөд цэвэр техникийн талаас авч үзвэл, бүхэл бүтэн редакцын багийг нүүлгэн шилжүүлэх нь нэг чемодан савлаад долоо хоногийн аялалд явахтай адил биш. Энэ нь хэдэн зуун хүний амьдралтай холбоотой. Сэтгүүлчид ч гэсэн гэр бүл, хүүхэд, аав ээжтэй. Тиймээс Москвагийн цуурай хүссэн ч тийм шилжилт хийх боломжгүй байсан. Радио станц гуравдугаар сарын 2-нд хаагдаж, захирлуудын зөвлөлийн шийдвэрээр албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Манай радио давтамжийг хурааж, дараа нь бусад бүх зүйлийг устгасан. Бид бүгд ажлаасаа халагдаж, ажилгүй болсон. Гэсэн ч үзэгчдэдээ зориулж ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэнээр өнөөг хэр ажилласаар байна. Учир нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл үргэлж хэрэгцээтэй байдаг. Хүмүүст суртал ухуулга, бусдын дуу хоолойг дарах гэсэн мэдээлэл хэрэггүй. Уншигчдад мэдээлэл болон санал бодол хоёул хэрэгтэй. Тиймээс бид чадах бүхнээ хийж ажилласаар байгаа. Зарим нь Москвагаас, зарим нь бусад орнуудаас YouTube дээрх сувагтаа ажиллаж байна.
-Та нэгэн ярилцлагадаа үзэгчдийн тоо өсч байгаа гэж хэлсэн. Одоо ямар байгаа вэ, цэргийн сэдвүүдээс үзэгчид залхаж байгаа нь мэдэгдэж байна уу?
-Тийм ээ, хүмүүс ядарч байна. Гайхширмаар зүйл нь гэвэл нэг талдаа хүмүүс дайнаас ч дайны мэдээ сонсож хэлэлцэхээс ч маш их залхсан. Гэхдээ нөгөө талаас, өөр сэдвээр ярих гэхэд “Хүлээгээрэй, дайн болж байна. Та дайн биш өөр зүйл ярьж болохгүй” гэцгээдэг.
-Та Вильнюст хагас жил гаруй амьдарлаа. Энд амьдрах хэр байна?
-Би Вильнюсийг сонгосондоо маш их баяртай байгаа. Учир нь энэ хот маш нээлттэй, найрсаг. 2020 онд олон Беларусчууд ирж, дараа нь Украйны дүрвэгсэд ирсэн. Энд хүн бүр өөрийн байр суурийг олж чаддаг.
Вильнюст Литва, Итали, Америк, Герман, Беларус, Украйнчууд эсвэл Оросуудтай ч таарч болно. Бүгд л энд өөрсдийн байр суурийг олж тав тух, аз жаргалыг олж мэдрэхээр хичээцгээж байна.Мэдээж эхэндээ би айж байсан. Литва хэл мэдэхгүй учраас Вильнюст амьдрах аргаа хэрхэн олох вэ гэж санаа зоволгүй яахав. Гэвч энд амьдардаг олон хүн англиар ярьж чаддаг болж таарсан. Хамгийн их гайхсан нь англиар ярих гэж оролдох үед өөдөөс минь “Та оросоор ярьдаг уу” гэх асуулт. Ийм л найрсаг хот. Яагаад гэхээр, хүмүүстэй яриа өрнүүлэхэд тэд надаас “хаанаас ирсэн бэ” гэж асуухад нь үргэлж миний зүрх агшиж, Оросоос ирсээн” гэж хариулах хэрэгтэй болдог байлаа. Тэгээд тэднийг ямар хариу үйлдэл гаргахыг хүртэл урьдчилан бодож эхэлнэ гээч.
-Таныг Оросоос ирсэн гэдгийг хүмүүс хэрхэн хүлээж авч байна?
-Намайг Оросоос ирсэн гэдгийг сонсоод нэг ч хүн сэтгэл дундуур хариу үйлдэл үзүүлж, түрэмгий зан, сөрөг хандлага үзүүлээгүй. Тийм зүйл ганц ч удаа болоогүй. Үүнд би Вильнюст маш их талархдаг. Учир нь гэвэл энд ирээд би тайвширч, чөлөөтэй амьсгаа авч чадсан. Энэ бол мэдээж, маш үнэ цэнтэй зүйл. Москвад бол орцонд хүн алхаж яваа эсэхийг байнга чагнаж суудаг байсан. Дарамт нь тэвчихийн аргагүй. Метронд суувал баривчлагдах болов уу гэж байнга санаа зовдог байлаа. Аймшигтай их хэмжээний сэтгэл зүйн дарамт дунд амьдардаг байсан. Сэтгэл зүйн дарамтнаас хэзээ ч ангижирч чаддаггүй. Харин Вильнюст цагдаагаас айж эмээлгүй гудамжинд тайван алхаж болдог хот.
-Та Болотноягийн талбай, Сахаровын өргөн чөлөөнд болсон эсэргүүцлийн жагсаалуудыг сурвалжилж байсан. Оросын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Би энэ талаар их боддог. Украины ирээдүйг би ерөнхийд нь төсөөлж чадна. Украин энэ дайнд ялах нь тодорхой. Дэлхий даяараа Украиныг дахин сэргээн босгоход тусална гэдэгт би итгэдэг. Украин хүчирхэг, шинэчлэгдсэн улс болж, аймшигтай зүйлийг даван туулсан хүмүүс баатрууд болж гарч ирнэ
Харин ОХУ-ын хувьд би ямар ч тодорхой ирээдүйг харж чадахгүй байна. Дайн хэзээ, хэрхэн дуусахыг би ойлгохгүй байна. Путины дэглэм хэзээ, хэрхэн өөрчлөгдөж, дэглэмийг юу орлохыг мэдэхгүй. Идеал нөхцөл байдал төсөөлмөөр байгаа ч тийм зүйл боломжтой эсэхийг мэдэхгүй.
Гэхдээ хэрвээ ямар нэгэн ер бусын байдлаар, ОХУ оршин тогтнохын тулд, ганцаардмал улс болохгүйн тулд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг ойлгодог хүн Путиныг орлож чадвал, тэр хүн эерэг өөрчлөлт хийх шаардлагатайг ойлгох байх гэж бодож байна. Тэр хүн улс төрийн хоригдлуудыг суллаж, дарамт шахалтын хуулиудыг хүчингүй болгож, Оросын нийгмийг бусдаас тусгаарлагдаж буйгаас ангижруулах алхмуудыг хийх байх. Энэ боломжтой юу,Магадгүй боломжтой. Гэхдээ ийм зүйл үнэхээр тохиолдох эсэхийг би мэдэхгүй байна.
Путины хувь заяа хэрхэн шийдэгдэх талаар хэтэрхий олон тодорхойгүй зүйл байна. Тэр амьсгал хурааснаар ноёрхол нь дуусна уу, эсвэл шүүхээр орох уу. Хэрвээ шүүхэд дуудагдвал, хэн, яаж түүнийг шүүх вэ. Ийм олон асуулт байгаа тул ирээдүйн талаар ярих үнэхээр хэцүү байна. Би болон миний хамтрагчид урьд нь “Манай төлөвлөлтийн хязгаар нэг долоо хоног” гэж тоглодог байсан. Тэгэхэд л их өөдрөг санагддаг байлаа.
Ц.ТАМИР
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OROS OO GJ URGELJ L DARANGUILALIIN DEGLEMTEI BSAN HAANT ZASAG N ARAI DEER BSAN BHAAA