НИЙГЭМ

Хулгайгаар гурван хүрэн байвгай агнасан этгээдүүдийг илрүүлжээ

Ховордож буй хүрэн баавгайг агнаж,  түүхий эд болох 12 ширхэг сарвуу, тавхайг хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүллээ.

Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа” гэх газраас 2020 оны 01 дүгээр 20-нд иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ховор амьтны жагсаалтад орсон гурван тооны хүрэн баавгай агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай/хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button