Мөрөн-Хатгалын замд үер буужээ

Өнөөдөр /2017.07.14/ өглөөний 06.00-07.00 цагийн байдлаар Мөрөн-Хатгалын замд үер буужээ.
Бороо их орж уулын үер буусан талаар орон нутгаас мэдээлж байна. Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Урдтамир, өврийн Богд, Буянт, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-75 см-ээр давжээ.
Түүнчлэн Буянт, Ховд, Үүр, Хариг голын ус үерийн түвшинг 10-35 см давсан хэвээр байна. Тиймээс аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас анхааруулав. Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ.
Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж аялах, шөнийн цагаар усархаг голуудын орчмоор зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орж, жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа тул үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүст ОБЕГ-аас сэрэмжлүүлэн анхааруулжээ.
С.ХОНГОРЗУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.