Х.Нямбаатар: Б.Хурц нар батлан даалтад гарчихсан, сул чөлөөтэй явж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.
Хууль зүйн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар:
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал их удаан үргэлжилж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгч нар маш олон хүсэлт гаргаж, бүтэн жил хойшлуулсан. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж хязгааргүй хүсэлт гаргаж шүүх хурлыг хойшлуулдаг процессыг хумьж өгсөн.
Улмаар анхан шатны шүүхээс Б.Хурц нарыг гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Б.Хурц нар батлан даалтад гарч сул чөлөөтэй явж байгаа.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр баталгаажсан хойно энэ хүмүүсийн үйлдэл хууль бус байсан гэдэг нь тогтоогдох юм бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг эргэж сэргээх нөхцөл бүрдэх ёстой.
Одоо гуравдугаар сарын нэгнээс Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хонгилыг нурааж эхэлнэ гэж бодож байна. Улсын дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа. Тэд өнөөдрийг хүртэл хонгилын системийг хадгалж үлдсэн. Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээхийн төлөө дараа дараагийн арга хэмжээ авч ажиллах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.