Дональд Трампыг шүүх хурал Вашингтон хотод маргааш эхлэнэ

АНУ-ын Төлөөлөгчдийнтанхим Дональд Трампыг хүчирхийлэлд турхирсан гэж үзэн импичментийн процессоор оруулж гэм бурууг нь шүүхийг 232:197 саналын харьцаатай дэмжсэн билээ. Конгрессын доодтанхим сенатуудад импичментийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн.
Конгрессын дээд танхим буюу сенатууд тус төслийг 2021.01.26-нд хүлээж аваад тэдний хэд нь Дональд Трампыг шүүхийг дэмжиж байгааг харахаар санал хураасан байна. Санал хураалтаар Бүгд Найрамдах намын гишүүн 50 сенатаас 45 нь шүүх явцыг эхлэхээс өмнө зогсоохыг дэмжиж саналаа өгсөн. Трампын гэм бурууг шүүх нь зөв гэж үзэж саналаа өгсөн сенатууд бол Митт Ромни, Лиза Мурковски, Сюзан Коллинз, Бен Сассе, Пэт Туми нар юм.
Гэсэн хэдий ч Дональд Трампыг шүүх хурал болно. Тус хурал Вашингтоны цагаар мягмар гарагт эхлэх юм. Хурлын эхэнд дөрвөн цагийн турш мэтгэлцээн болж тус процедур нь үндсэн хууль зөрчиж буй эсэх дээр саналаа хураах аж.
Санал хурааж сенатуудын олонх нь дэмжвэл шүүх хурал цааш үргэлжилнэ . Хэрвээ процедур үргэлжилбэл лхагва гарагийн (2021.01.10) үдээс хойш хоёр талд өөрсдийн баримт бичгээ толилуулах боломж бүхий 16 хүртэлх цаг олгоно. Шүүх хурал ирэх ням гараг (2021.02.14) хүртэл өрнөсний эцэст сенатууд Трампыг гэм буруутай эсэх дээр саналаа хураах юм. Ноён Трампын гэм буруутай гэж үзэхийн тулд Бүгд Найрамдах намын 17 сенат дэмжсэн санал өгөх ёстой. Учир нь гэвэл Конгрессын дээд танхимын гуравны хоёр нь дэмжсэн санал өгч байж шүүгдэгчийн буруутай гэж үздэг. Гэхдээ түүнийг гэм буруутай гэж үзэх магадлал бага билээ. Хэрвээ Трампыг гэм буруутай гэж үзвэл сенатууд түүнийг дахин улс төрийн эрх мэдэлд томилогдох боломжгүй болгох тал дээр санал хураах аж.
Даваа гарагт Дональд Трампын өмгөөлөгчид бослогын талаарх Холбооны мөрдөх товчооны баримт бичиг нь бослогыг олон өдрийн өмнө төлөвлөж үйлдсэн гэдгийг харуулж байгаа тул ноён Трамп хүмүүсийг хүчирхийлэлд турхирсан байх боломжгүй хэмээсэн байна. Мөн тэд Дональд Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлээс бууж хувийн иргэн болсон тул тус процедур нь үндсэн хуулийг зөрчсөн хэрэг гэсэн юм.
Эх сурвалж: BBC, CNET
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.