Нийгмийн

БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар албан томилолтын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц төслийг хэрэгжүүлж, түүнийг дагасан агаарын тээвэр, авто замын дэд бүтцийн хөгжлийг цогцоор шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажлын явцтай танилцлаа.

Чингис хотод зохион байгуулсан уулзалтын үеэр түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хамгийн чухал төсөл бол Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Дадал суманд байгуулагдах “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” юм гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тодруулж хэлсэн.

Энэхүү цогцолбор байгуулах ажлыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр 2019-2024 онуудад хэрэгжиж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Энэхүү төслийн хүрээнд өдөрт 4,500 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Дадал сумын Бор толгой хэмээх газарт байгуулж, 295 га талбайд цогцолборыг дагалдах гадна тохижилтыг бий болгож, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэлх 2,6 км авто зам, 50 автобус, 220 автомашины зогсоол, 4,5 км цахилгаан дамжуулах шугам, дэд станц, бохир ус цэвэрлэх байгууламж, хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийг тус тус байгуулна. Цогцолборыг зорин ирж буй жуулчдад олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх резортыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулах ажлыг төрөөс бүх талаар дэмжиж, 2021 оноос эхлүүлэхээр ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Уртнасан онцоллоо.

Түүнчлэн төслийн хүрээнд Дадал сумын ерөнхий төлөвлөлтийг аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, эхлүүлэх юм.

Төслийн үр дүнд нийт 2,550 иргэдийг цогц сургалтанд хамруулж, 130 ажлын байрыг шинээр бий болгож, орон нутгийн иргэдийн санаачилсан 30 бичил бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар зам болон барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан бөгөөд, ажлын зургийг 2021 оны 9 дүгээр сард дуусгаж, 2022 оны нэгдүгээр улирлаас барилгын ажлыг эхлүүлж, 2024 оны 2 дугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор, түүнийг дагасан Өндөрхаан-Дадал чиглэлийн авто зам, Дадал сумын олон улсын нисэх буудал цогцоор ашиглалтад орсноор 2024 оноос эхлэн Хэнтий аймагт жилдээ 200 гаруй мянган жуулчин хүлээн авч, 150 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн орлогыг жил бүр аялал жуулчлалын салбараас бий болгох боломжтой гэж үзэж байгааг салбарын сайд Н.Уртнасан танилцуулсан юм.

ОНОН-БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗЛАА

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамруулан хоёр хэсэгтэй нийт 415813 га талбайтайгаар УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Дадал суманд дарга, 4 мэргэжилтэн, 9 байгаль хамгаалагч, үйлчилгээний ажилтан 3, нийт 17 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан тус цогцолбор газрын хамт олонтой уулзаж үйл ажиллагаатай танилцах үеэрээ дараах асуудлыг онцлон хэлэлцлээ.

Үүнд:

  1. Байгаль хамгаалагчийн зэрэглэл нэмэх,
  2. Хангамж сайжруулах
  3. Орон тоо нэмэх асуудлыг судалж шийдэхээр боллоо.

Байгаль хамгаалагчид нь төрийн захиргааны мэргэжилтнүүдийн 4 дүгээр шатлалаар  цалинждаг бөгөөд шатлалыг ахиулах тал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шийдвэрлүүлэхээр  хүсэлт тавьсан байгаа юм байна. Түүнчлэн Хэнтий аймгийг зорин очих дотоод, гадаадын жуулчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа учир байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг онцлон хэлэлцлээ.

Монгол орны хамгийн их хур тунадас ордог аймаг бөгөөд байгаль хамгаалагч нарын хувцас, хангамжийн асуудалд салбарын сайд анхаарал хандуулан шийдвэрлэхээр болсон юм.

Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Хэнтий болон Дорнод аймгийн орчны бүсийн  5 сумыг хамран ажилладаг байна.

Н.Уртнасан сайд мөн Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын албаныхантай уулзлаа.

Гутайн даваанд байрлах хяналтын постын байр нь жижиг учир байрлах байрыг нэмэх шаардлагатай байгааг байгаль хамгаалагчид сайдад уламжилсан. Тус албаныхан нийт 102,000 га газрыг хариуцан хамгаалдаг бөгөөд одоогоор 9 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Н.Уртнасан сайд Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газарт тус бүр нэг, нэг ширхэг мотоцикл олгохоор болсон юм. Цаашид ажиллах нөхцөл боломжийг үе шаттай анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button