НИЙГЭМ

П.Дэлгэрнаран: Төхөөрөмж санал тоолсны дараа гар тооллого хийж, дүнг тулгана

Маргааш /2021.06.09/ болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ.

-ӨНӨӨДӨР ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВЧ ДУУСНА-

Тэрбээр “Өмнөх УИХ-ын сонгуулиас ялгарах ялгаа нь энэ удаад дотоодод халдвар тарсан үед зохион байгуулж буй онцлогтой. Засгийн газрын 152-р тогтоолоор сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гарсан. Яг одоогийн байдлаар зөөврийн хайрцгаар авах ажил явагдаж байна. 09.00-21.00 цаг хүртэл хайрцгаар санал авч дуусна. Зөөврийн хайрцгаар 25,619 хүн саналаа өгнө. Ердийн нөхцөлөөр буюу халдварын бус шалтгаанаар хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан 18,000 орчим иргэн байна. Харин эмнэлэг, тусгаарлалт, улаан бүсэд байгаа 7,051 хүн байна. 3-4 баг зөөврийн хайрцгаар санал авах ажлыг зохион байгуулж байна. 1600-аад тээврийн хэрэгсэл, 3400 орчим ажилчид энэ чиглэлд ажиллаж байна.

Гадаадад байгаа иргэдийн саналыг авч дууссан. 30 оронд 45 дипломат төлөөлөгчийн газар салбар комисс байгуулж, ажилласан. 7398 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 5618 хүн өгсөн байна. 2017 оны сонгуультай харьцуулахад харьцангуй идэвхтэй дүн болсон.

-ТӨХӨӨРӨМЖ САНАЛ ТООЛСНЫ ДАРАА ГАР ТООЛЛОГО ХИЙЖ, ДҮНГ ТУЛГАНА-

Дараагийн сонгуулийн өмнө сонгогчдод цахимаар санал өгөх бололцоо олгохоор ажиллаж байна гэдгээ дуулгая.

Нийт 2087 хэсгийн хороо байгуулагдсан. Үүн дээр 18,146 албан хаагчид ажиллаж байна. Ийм бүрэлдэхүүнээр бэлтгэж ажлыг амжилттай хийж дуусгалаа. Маргааш санал хураахад бэлэн болсныг дуулгая.

Сонгуулийн автоматжуулсан систем бэлэн болсон. 2,641 даамал дүн дамжуулна. Санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангасан. Энэ сарын 5-ны өдөр дүн дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Ажиллагаа жигдэрч, сүлжээ холбогдсон.

Мөн дүн гаргахад гар тооллого хийнэ. Эхлээд санал тоолох төхөөрөмжийн дүнгээ дамжуулна. Дараа нь хуулийн дагуу гар тооллогыг нэн даруй хийнэ. Ямар нэг завсарлага авахгүй, гарч орохгүй. 100 хувь гараар тоолж, дүнгээ нэгтгэнэ. Тулгана. Ингэснээр сонгуулийн дүн баталгаажна.

Санал тоолох төхөөрөмжийн дүн шууд дамжуулагдана. 22.00 цагаас хэсгийн хороод хаана. Дүнгээ цаасан байдлаар ажиглагчдад хэвлэж өгнө. Тэр дүн шууд дэлгэцэн дээр гарна. Төхөөрөмжөөр тоологдсон дүн олон нийтэд шууд хүргэгдэж, манай сайтад орно.

-ФИЛИППИНЧҮҮД ЗОРЬЖ ИРЭН МАНАЙ СОНГУУЛИЙГ АЖИГЛАХААР БОЛСОН-

Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байна. Манай сонгууль зарим бүс нутагтаа туршлага болж үлддэг. 11 гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас сонгууль ажиллах хороо гарсан. Найман улсын төлөөлөл орсон. Манай улсад сууж буй элчин сайдын яамныхан хүсэлтээ өгч, ажиглахаар болсон. Филиппин улс яг зорьж ирж ажиглахаар болсон. Тэр улс манайх шиг автоматжуулсан системийг ашигладаг болохоор сонирхолтой байгаа байх.

Ийнхүү 07.00-22.00 цаг хүртэл амжилттай зохион байгуулна” гэлээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button