И.Булган: Дүү маань хагалгаанд орох гэж байна, алтан гартай эмч нар эдгээх байх аа

Халуурч эмнэлэгт очин тариа хийлгэсний улмаас хөхрөлт үүсэж, таван цул эрхтэн нь нөлөөлсөн И.Эмүжиний охины талаар бид мэдээлсэн.
Эх нялхсын эрүүл мэндийн төвөөс бидэнд “Хүүхдэд эмчилгээ хийж эхэлсэн. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. ХУД-ийн эмнэлгээс л ийм байдалтай хүргэгдэж ирсэн” хэмээн мэдэгдэж буй.
Харин охины гэр бүлийнхэн сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан. Иймд бид охины биеийн байдлыг лавлахаар эгч И.Булганаас тодрууллаа.
Тэрбээр “Дүү маань яг одоо хагалгаанд орох гэж байна. Юуны хагалгаанд орох гэж байгааг хэлэх боломжгүй. Дүүгийн минь биеийн байдал сайжраасай, алтан гартай эмч нар эдгээх байх гэдэгт итгэж байна. Би дүүтэй санаа зовсон учраас л нийгмийн сүлжээнд уг мэдээллийг тавьсан. Гэвч хүмүүс маш хүндээр тусгаж авч, эмч нарыг ихээр чичилж байх шиг байна. Хэн нэгнийг буруутгаж, хариуцлага хүлээлгэх гэсэнгүй. Дүүгээ алдах вий гэсэндээ л энэ талаар мэдээлсэн. Олон алтан гартай эмч нарыг энэ хэрэгт битгий хавсаргаасай л гэж хүсмээр байна.
Мөн бидэнд тусалъя, хандив цуглуулж, гараа сунгана гэсэн хүмүүс олон холбогдож байна. Энэ бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бид тусламж хандив цуглуулах гээгүй юм шүү. Үүнийг ойлгоосой. Дүүгийнхээ хагалгаа дуусаж, биеийн байдал сайжирсны дараа мэдээлэл өгөх болно хэмээлээ.
Түүнчлэн танай гэр бүл нийгмийн сүлжээнд ийм мэдээлэл тавьсан хэмээн эмнэлгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн үү хэмээн лавлахад, Үгүй ээ, харин бүх чадлаараа хичээж ажиллаж байна. Одоо хагалгааг хүлээж сууна хэмээсэн юм.
Д.ЖАРГАЛМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.