А.Балдангомбо: Би найз залуутайгаа 12 жил үерхэж байна

Манай улсад нийгмийн цөөнхийг тийм ч нээлттэйгээр хүлээж авдаггүй бөгөөд энэ төрлийн чиг хандлагатай хүмүүс нуугдмал байдалд байдаг. Тэгвэл энэ өдрүүдэд буюу өнөөдрөөс ирэх сарын 1-ний өдрийг хүртэл "Тэгш эрх, бахархлын өдрүүд ” -ийг монгол дахь ЛГБТ /Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендер/ хүмүүс тэмдэглэж байгаа. Үүнийг тохиолдуулан бид Монголын анхны ЛГБТ ТББ-ын Эрхзүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомботой нээлттэй ярилцлага хийлээ.
-ЛГБТ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛЫГ ХҮСЭЛТЭД ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГСӨН, ГЭВЧ БИД ЗААВАЛ ХИЙХ БОЛНО-
-Сайн байна уу? Ярилцлагын эхэнд өөрийгөө товч танилцуулаач?
-Намайг А.Балдангомбо гэдэг, 42 настай. 2009 оноос эхлэн "ЛГБТ” төвд эрх зүйн менежерээр ажиллаж байна.
-Одоо “Тэгш эрх, бахархлын өдрүүд” болох гэж байна. Энэ хүрээнд танай байгууллага ямар ямар үйл ажиллагаа явуулах гэж байна вэ?
-Бид 2013 оноос эхлэн Тэгш эрх, бахархлын долоо хоногийг тэмдэглэж эхэлсэн. 2014 оноос үүнийг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” хэмээн нэрлэж, уран зургийн үзэсгэлэн, мулти медиа болон куир театр буюу театрын урлагаар ЛГБТ асуудлыг ойлгуулахыг зорьж буй. Театрын өдөрлөг болон “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хүний эрхийн хэлэлцүүлэг өрнөнө. Энэ нь "хүн ном” буюу бүх насны ЛГБТ хүмүүс оролцож, өөр хоорондоо нээлттэйгээр асуулт хариулт өрнүүлэх юм. Мөн богино хэмжээний кино наадмын уралдаан зарласан байгаа.
-Жагсаал хөдөлгөөний тухайд?
-Өнгөрсөн жил бид анх удаагаа жагсаал хөдөлгөөн хийсэн. Энэ жилийн тухайд хэд хэдэн газраас татгалзсан хариу авлаа. Одоо Чингэлтэй дүүрэгт найдаж байна. Ер нь бол 24-ний өдөр жагсаалаар эхлэхээр төлөвлөсөн байгаа. Хэрэв бидэнд зөвшөөрөл олгохгүй бол хойшлуулаад ч болтугай хийнэ гэж бодож байна.
-ХҮН БҮР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖТОЙ, БИД ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ УРУУ ТАТААГҮЙ-
-Өнгөрсөн жилийн жагсаалд ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд олон ирсэн байсан. Үүнийг дагаад шүүмжлэл гарсан. Энэ тал дээр ямар тайлбарыг өгөх вэ?
-Хүн бүр ижил тэгш үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй. Тухайн өдөр өсвөр насныхнаас гадна, НҮБ-ээс төдийгүй ЛГБТ хүмүүсийг ойлгож хамтран ажилладаг хүмүүс гэр бүлээрээ ирж жагссан байсан. Бусдын харж буй өнцөг нь биднийг өсвөр насны хүүхдүүдийг уруу татаж байна гэх ойлголт. Гэвч энэ нь үгүй юм аа. Тэд бол тэгш эрхтэй хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн л хүүхдүүд.

-Ярилцлагаа ЛГБТ хүмүүсийн төлөөл буюу таны хувь хүн талаас өрнүүлье. Ярилцлагын өмнө хуульчийн мэргэжлийн шалгалтаа өгөөд ирлээ гэж байсан. Хэдэн онд эрх зүйчээр сургуулиа төгсөв, яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?
-2006 онд Шихихутаг дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Миний хувьд өөрийгөө таньж мэдсэний дараа буюу нэлээд хожим их сургуульд элсэн орж, мэргэжил эзэмшсэн гэж болно. Харин ажлын гараагаа сургуулиа төгсөөд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эхэлсэн. Улмаар 2009 оноос ЛГБТ төвтэй холбогдон, эрх зүйн хөтөлбөрийн менежерээр ажиллах байна. Ер нь бол хуульч хэмээх цолоо аван, энэ байгууллагад ажиллаж эхэлснээр "ЛГБТ хүмүүст туслах ёстой юм байна” гэдгээ ойлгосон.
-Таны хувьд өөрийгөө хэзээнээс ЛГБТ хүн гэдгийг мэдэх болсон бэ?
-Шилжилтийн насандаа л өөрийнхөө хүсэл сонирхлыг таньж мэдсэн. 1990 оны үед бүх юм хаалттай, мэдээлэл хомс байсан учир өөрийгөө нууж хаахаас өөр арга байгаагүй. Ер нь 26 хүртлээ бэлгийн чиг баримжаагаа хүлээн зөвшөөрдөггүй, өөрийгөө таньж мэдэх гэж их хичээсэн. Тэр бүү хэл МҮҮН шашинд хүртэл явж байлаа. Наад захын гэр бүл найз нөхдөөс тулгалт шахалтууд ирж, гэр бүл найз бүсгүйтэй болооч гэх мэт янз бүрийн шахалт ирдэг байсан. Харин одоо бол өөр, өөрийгөө ЛБГТ хүн гэдгийг нээлттэйгээр илэрхийлж чаддаг болсон.
-БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ЯВЖ, БЭЛГИЙН ХАРИЛЦААНААС ӨӨРИЙГӨӨ ХЯЗГААРЛАСАН-
-ЛГБТ хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй олон зүйлс хийж, дарж байжээ. Хэрвээ нууц биш бол илүү тодорхой ярьж өгөөч?
-Ер нь бол аль болох өөрийн ижил хүйстэй хүнийг анзаарч харахгүй байхыг хичээж, өөрийгөө маш их дарж байсан. Ингэх тусам маш бухимдалтай болж, байнгын сэтгэлийн түгшүүртэй, их хэцүү болчихдог. Мөн нөгөөтэйгүүр олон жилийн турш ямар ч бэлгийн харьцаанд оролгүй өөрийгөө барьж, хорьсон. Ингэж Мүүн шашинд орсон гэхэд болно.
-Зарим ЛГБТ хүмүүс өөрийгөө нуухын тулд хүчээр эсрэг хүйсний хүмүүстэйгээ гэрлэж, үерхдэг гэлцдэг. Таны хувьд?
-Миний хувьд огт эмэгтэй хүн сонирхож, үерхэж, харилцаанд орж байгаагүй. Гэр бүл найз нөхдийн янз бүрийн тулгалтуудыг давчихсан, одоо өөрийнхөөрөө амьдарч байна. Харин хожим нэгэн эмэгтэй надад сэтгэлтэй байснаа нэлээн хэдэн жилийн дараа хэлж байсан. Тэгэхэд нь "Тийм үү, анзаараагүй юм байна” хэмээн эелдгээр хэлсэн. Үнэхээр тухайн үедээ анзаарч мэдэж байгаагүй. Гэхдээ надаас өөр шахалт дарамтаар гэр бүлтэй болчихсон, харагдах байдлын хувьд булчинлаг, эршүүд хүмүүс байдаг бөгөөд маш нуугдмал ЛГБТ залуус олон бий.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?. Гэр бүлийнхэн нь тухайн үед яаж хүлээж авч байсан бэ?
-Есөн хүүхэдтэй айлыг бага хүү. Гэр бүлийн хувьд бүгд мэддэг. Зарим нь надтай энэ талаар нээлттэй ярьж л байдаг. Магадгүй энэ сэдвээр ярихыг хүсдэггүй ч байж магадгүй. Надтай энэ талаар ярилцах эсэхийг тухайн хүн өөрөө шийдэх эрхтэй, би ч үүнийг хүндэтгэж хүлээж авдаг. Гэр бүлийнхнийгээ, "Та нар намайг ойлгосонгүй” гээд уурлаад байдаггүй. Хамгийн гол нь хүн бусдад төвөг удахгүй л байх хэрэгтэй.
-Эцэг эхийнх нь хувьд...?
-Аав маань намайг дөрвөн настай байхад, харин ээж минь 21 настайд бурхан болсон. Ах эгч нарын хувьд би олон хүүхэдтэй айлын нэг гишүүн байсан учир бусад шиг үр хүүхэд, хань ижилтэй бол гэж хэлээгүй. Энгийнээр хүлээж авсан, тэр тусмаа залуу үеийнхэн нь их нээлттэй байдаг шүү.
-НАЙЗ ЗАЛУУТАЙГАА 12 ЖИЛ ҮЕРХЭЖ БАЙНА-
-Таны бэлгийн чиг баримжааг мэдсэн хүмүүс өмнөхөөсөө өөрөөр хандаж байна уу?. Өмнө нь ба одоогийн ялгаа нь?
-Харилцаа өөр болдог. Гэхдээ би хэнд өөрийгөө бүрэн илэрхийлэх вэ? гэдэгт цензур тавьдаг. Түүнчлэн хүмүүс энэ талаар надаас асуувал би нээлттэй хариулдаг. Миний хариултыг сонсож, гэнэтийн эвгүй байдалд орсон хүмүүст "Уучлаарай, та асуусан шүү дээ. Энэ ийм учиртай юм аа” гэж тайлбарлаж өгдөг.
-Таны амьдарч буй орчны хүмүүс энэ талаар хэр мэдэх вэ? ЛГБТ хүмүүс өөрийн гэсэн орон сууц, хувийн эзэмшилтэй байх хэцүү. Хөршүүд нь татгалздаг гэх яриа байдаг шүү дээ.
-Миний хувьд одоо хөлсний байранд, найз залуутайгаа амьдардаг. Хэн нэгэнд өөрсдийнхөө талаар асуухгүй л бол зарлаад байдаггүй. Хүмүүст төвөг удахгүй амьдрахыг хичээдэг.
-Нууц биш бол хэдэн найз залуутай байсан бэ? Одоогийн байгаа хамтрагчтайгаа хэр удаан харилцаатай байгаа вэ?
-Би найз залуутайгаа 12 жил тогтвортой харилцаатай байна. Миний хоёр дахь найз залуу. Нийгэм ер нь ЛГБТ залуусыг ихэвчлэн олон харилцагчтай, БЗХӨ-тэй байдаг гэж боддог. Гэвч бидэн шиг ийм тогтвортой харилцаатай хүмүүс олон. Түүнчлэн манай байгууллага эрүүл мэндийн байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг ба бидний хувьд энэ төрлийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс маш бага хувийг эзэлдэг. БЗХӨ-ийн дийлэнх хувийг 13-40 орчим насныхан буюу нийгмийн масс эзэлдэг гэсэн судалгаа бий.
-Тогтвортой харилцаатай хосууд хүүхэдтэй болохыг эрмэлздэг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Хүүхэдтэй болохыг хүсдэг үү?
-Энэ бол маш чухал асуудал, асар том хариуцлага. Бид хоёроос гадна тухайн хүүхдийн ирээдүйд маш том өөрчлөлт бий болно. Хэрэв хүүхдийг минь хоёр аавтай гэх зэргээр нийгмээс ялгаварлах асуудал гарвал яах вэ. Иймд энэ асуудал дээр хайнга байж болохгүй гэж боддог. Миний хувьд хэрвээ энэ асуудал тулгарвал маш нухацтай, нарийн төлөвлөгөөтэй хандана. Түүнчлэн үндсэн хуульд заасан гэр бүл гэх тодотгол байна. Насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гэр бүл болно гэж байгаа. Түүнчлэн хүүхэд өргөж авсан ч цаашид гарч болох эрсдэл, бүх зүйлсийг маш сайн харах нь зүйтэй.
-НИЙТЭЭС ИРЖ БУЙ СӨРӨГ СЭТГЭГДЛҮҮДИЙГ ХҮНДЭЭР ХҮЛЭЭЖ АВАХАА БОЛЬСОН-

-Нийгмийн өмнө найз залуутайгаа нээлттэйгээр явж үзсэн үү? Олон нийтийн хэрхэн хүлээж авах бол?
-Эрчүүдийн хувьд хэцүү шүү дээ. Тэр тусмаа монгол эр хүн гэдэг омогшил, хандлага маш өөр болсон. Гэтэл гудамжаар охид хөтлөлцөөд гүйж байхад хэн ч анзаардаггүй, юу ч мэдэхгүй өнгөрөөдөг. Эрэгтэй хүн уйлах ёсгүй гэж хэлээд байгаа нь ч өөрөө хүний эрхийг зөрчиж буй нэг хэлбэр. "Эр юм байж чи шалчигнаад" гэдэг. Энэ нь нөгөө талаараа эмэгтэй хүнийг доош хийж буй хэлбэр буюу бас нэгэн зөрчил.
-Нийгмийн сүлжээ болон бусад байдлаар ирж буй сөрөг сэтгэгдэл, хандлагыг хэрхэн хүлээж авч, өнгөрөөж байна вэ? Таны хувьд нээлттэй байдаг учраас бусдаас илүү хүнд байж магадгүй.
-Эхин үедээ хүнд байсан. Яваандаа тухайн сэтгэгдлүүдэд шүүлтүүртэй хандаж эхэлсэн. Ер нь бол сэтгэлзүйн боловсрол маань дээшилсэн байх гэж боддог. Хэрвээ надад тэдгээр хүмүүс биед учруулах хохирол гаргаагүй л бол тэдгээр сөрөг сэтгэгдлийг хүлээж авч, бухимдахаа байсан.
-Хэрвээ ноцтой асуудал гарч, биед хохирол учирсан тохиолдолд цагдаагийн алба хаагчид ЛГБТ хүмүүст эрх тэгш хандаж чаддаг болов уу?
-Харьцангуй маш өөр болсон. Ихэвчлэн зөрчил маргалдаан гарсан үед шуурхай дуудлагаар ирж буй алба хаагчид жаахан хандлагын зөрчил гаргадаг. Түүнээс дээд шатны хүмүүсийн харилцаа нэгэн адил тэгш байж чаддаг. Ер нь хууль хяналтын байгууллагынхан алба хаагчдынхаа дунд энэ чиглэлд хандсан сургалт зохион байгуулдаг юм билээ.
-ХЭН НЭГЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙГҮЙ Л БОЛ ХЭН Ч БИДНИЙ ӨМНӨӨС ДУУГАРАХГҮЙ-
-Шуурхайгаар ирж буй алба хаагчдын нийтлэг гаргадаг хандлагын зөрчил нь юу бол?
-Нэг тохиолдлыг дурдъя, саатуулагдах байранд ирсэн трансжендер хүний бэлэг эрхтнийг шалгасан ноцтой зөрчил гарч байсан. Энэ нь хүний эрхийн зөрчил дээр кэйс болон дурдагдаж явдаг л даа. Ихэнх тохиолдолд трансжендер хүмүүсийн хувьд хүйсээ солиулахад нь маш их мөнгө болон цаг хугацаа, эмчилгээ зарцуулагддаг учир энгийн байдлаар удаан явдаг. Хүйсийн шилжилтэд орж чадалгүй иргэний бүртгэлээ солиулдаггүй гэсэн үг.
-Зарим тохиолдолд бэлгийн чиг баримжаа нь өөр хүмүүс ЛГБТ-г бүрэн зөвшөөрдөг улс руу цагаачилдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол цэвэр хувь хүний л сонголт. Монголын нийгэм өөрчлөгдөж байна. Хэн нэгэн өөрчлөлтийг хийгүй л бол хэн ч бидний өмнөөс дуугарахгүй шүү дээ. Ийм учраас нийгэмд өөрчлөлт авчиръя гэсэн бодолтойгоор ЛГБТ ТББ-д ажилладаг. Миний бодлоор өөр улс оронд очиж амьдарна гэдэг эх орондоо байхаас хоёр дахин хүнд байна байх. Магадгүй тэр улс орондоо мэргэжлийн дипломыг өвөртлөөд яг мэргэжлийн ажлаа хийгээд амжилттай явахгүй л бол, ажилчин ангийн хүнд ажил хийгээд амьдрах хэцүү гэж бодож байна.
-Бусад ЛГБТ залуустаа хандаж, зөвлөж хэлбэл?
- Хамгийн гол нь хүн бусдад төвөг удахааргүй, өөрийгөө бүрэн авч явах чадвартай болсон үедээ өөрийгөө нээгээрэй. Тэгвэл чамд илүү амар байх болно гэж бодож байна. Эс бөгөөс өөрийгөө бүрэн таньж мэдээгүй, санхүүгийн хараат байдалд байх үедээ бэлгийн чиг баримжаагаа дэлгэнэ гэдэг нь ЛГБТ хүмүүсийг нээлттэй хүлээж авдаггүй энэ нийгэмд хүндрэлтэй. Өөрийгөө илэрхийлээд, гэр бүлийнхэндээ шоовдорлогдож зодуулах, өөртөө итгэх итгэл нь алдагдаж гэр бүлээсээ дайжсан, буруу зүйл рүү татагдан орсон олон тохиолдлыг харж байсан.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ