ЯЛГАА: Төсвөө тодотгоно, тодотгохгүй/бонд гаргана, гаргахгүй

Ирэх оны төсвийг энэ долоо хоногт эцэслэн батална. Ирээдүйн өв сан,тогтворжуулалтын сангийн 1.6 их наядын хуримтлалаа “идэх”, 3.6 их наядаар банкуудаас бонд татах, хэрэггүй баахан тансаглал бүхий маш муу төсвийг УИХ чимээгүйхэн баталж буй. ҮХНӨ-өөр Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ дээр дүн нэмж өөрчлөх боломжгүй болсон. Энэ утгаараа төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд шүүмжлэхгүй л байхад Засгийн газрын хувилбар батлагдчих боломжтой юм.
Тиймээс ч Сангийн сайд Б.Жавхлангийн Тэрэлжид хоёр удаа УИХ-ын гишүүдийг аваачин төсвөө танилцуулж, тус бүр дөрвөн тэрбумаар “боловсон” хахууль өгч, шүүмжлэгдэх эрсдлээ хаасан. УИХ дээр төсвийн зарлагыг дураар нэмж болдог байхад Сангийн сайдаа нойлд орсон ч хэдэн гишүүд нь хормойлдон дагаж, тойргийн төсвөө гуйдаг байв. Энэ удаа шинэ сайдынх нь тархи маш сийрэг ажиллаад, дөрвөн тэрбумыг төсвийн хэлэлцүүлгийн өмнө санал болгосон юм.
Ийм байдлаа жил ирэх тусам төсвийн яс чанар баахан муудаж, улам бүр тохирооны хэлбэр лүү явж буйг дурдууштай. Тухайлбал, Ч.Хүрэлбаатарын үед “Ирээдүйн өв сан”-гаа жил бүр нэмнэ гэж ярьдаг байсан бол энэ удаа шуудхан хуримтлалыг нь авч хэрэглэнэ гэдгээ Б.Жавхлан сайд зарлав. Засгийн газар арилжааны банкуудад өндөр хүүтэй богино хугацаа бүхий бонд гаргаж, төсвийн алдагдлаа санхүүжүүлдэг байсныг Ч.Хүрэлбаатар зогсоосон бол Б.Жавхлан 3.6 их наядыг босгож төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр болов.
Гэхдээ Ч.Хүрэлбаатар Засгийн газрын дотоодын бондын арилжааг хааж, эсрэг талд нь ТБҮЦ-ыг 3 их наядад тулган, өөрийгөө галаас хамгаалсныг бас мартаж болохгүй.
“Юу ч болж байсан төсвөө тодотгохгүй. Тэгвэл зарлага л нэмэгдэнэ” гэж Ч.Хүрэлбаатар гүрийдэг байв. Засгийн газартаа “даам” гарчихсан, УИХ дээр С.Батболдын фракциар хүрээлүүлсэн түүнд нэгэн үес Ерөнхийлөгчийн институцээс бусад нь бууж өгсөн гэлтэй. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн танхим бүрдээд, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа өнөөх “хагардаггүй” төсвөө задалсан. Тодотголоор Эрүүл мэндийн салбар л гэхэд 760 тэрбумаар зардлаа нэмсэн юм.
Нэгэн үес ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төсвөө жимбийхэн авч явахаа гадны байгууллагаар заалгаж явсан нь бий. Тэр үеэ бодвол ковидын үе гэлтгүй бие даан амьдарцгааж, олсноо дураар үрж, зарлагаддаг цаг энэ Засгийн газарт тохиов. Тэр үеэ тэд зоригтойхон, тэнүүн даван туулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан, өрийн таазаа өсгөсөн. Ингэснээр зарлагын хэмжээгээ ч 20 их наяд руу дөхүүлэн өсгөж түүхэн дээд тоог зарлав.
Дэлхийн нийтээрээ ковидод нэрвэгдэж, улс орон бүр эдийн засгаа тэлэх арга хэмжээнд нэн ихээр анхаарч буй. Харин манайх дотооддоо жолоочийн хариуцлагын даатгалыг төрдөө авах, Засгийн газрын бонд гаргах замаар арилжааны банкуудын зах зээл рүү гарах зээлийн хэмжээг үлэмж хумих арга хэмжээ зэргийг авч сууна. Гэхдээ өөдрөг үзлээ бол хаяагүй. Ирэх жил 6.5 хувиар эдийн засгаа өснө гэж төсөөлөөд буй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ковидтой төсөв, ковидгүй төсөвт ялгаа байгаа байх.Улсынхаа иргэдийн амь нас аюулгүй байдлын төлөө маш олон улс ковидтой тэмцэх төсөв батлаж байгаа.Ямарч байсан иргэдээ үхүүлээд суухийг хүсэхгүй л байлгүйдээ