Төрийн тэргүүнүүд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн энэ үеэр хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах, бизнесийн байгууллагын төлөөлөл хамтын ажиллагааны 10 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Терроризмтай тэмцэхэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зуржээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станислалович Орешкин нар Бүс нутаг хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Бойцов нар Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийг сунгах тухай протоколд гарын үсэг зурлаа.
Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга Владимир Булавин нар Монгол Оросын улсын хил дээрх Хягт-Алтанбулаг олон улсын автозамын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай протокол болон хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, ОХУ-ын Росгеолог ХН-ийн захирал Сергей Горьков нар хоёр байгууллагын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
"Монгол Шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын Орос шуудан Холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн Ерөнхий захирал Николай Подгузов нар хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан аж.

"Эрдэнэс Монгол" ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын Россети НХН-ийн Ерөнхий захирал Павел Левинский нар хоёр байгууллагын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
"Ди Би Эм Ассет менежмент" үнэт цаасны компанийн захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев нар хамтын ажиллагааны хэлэлцээр гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатаp хотод хийх айлчлалыг угтан "Өдpийн сонин"-д өгсөн яpилцлагынxaa үеэp уг баpимт бичгийн талааp хэлэхдээ, 1993 оны Найpсаг хаpилцаа, хамтын ажиллагааны гэpээнд үндэслэсэн хэмээгээд, энэхүү гэpээ хоёp талын хаpилцааг шинэ түвшинд гаpгана хэмээсэн.
Хоёp улсын Засгийн газаp терроризмын эсрэг хамтpан тэмцэж, бүс хооpондын болон хил хооpондын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэpээнүүдийг байгуулсан юм. Үүний зэpэгцээ 2004 онд байгуулсан Цэpгийн буцалтгүй тусламжийн тухай Засгийн газаp хооpондын хэлэлцээрийг сунгажээ.

С.ХОНГОРЗУЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.