УЛС ТӨР

Э.Одбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ойр дотныхноор маань “чимээгүй болчих, больчих. Уулзах уу” гэх үгсийг дайдаг

Зон олон” намын тэргүүн, “No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулагч Э.Одбаяртай ярилцлаа.

-МИНИЙ ХЭД ХЭДЭН ФЕЙСБҮҮК ПОСТЫГ НЭГТГЭЭД ХОЁР ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ШИЙТГЭЖ, ТОРГУУЛЬ ОНОГДУУЛСАН-

-Ойрын өдрүүдэд нилээдгүй олон шүүх хуралтай юм өилээ. Тань дээр одоо хичнээн хэрэг үүсгээд байгаа юм бэ?

-2021 оны долдугаар сарын 09-ний өдөр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя. Зайлуулъя. Эмч нар болон бизнес эрхлэгчдийг нэгдэхийг уриалж байна” гэсэн фейсбүүк пост бичсэн. Тэгээд мөн “Чингис хаанаас өмнө Ази Европ хоёр хоорондоо холбоогүй байсан гэж Соёлын сайд худлаа шааж болохгүй. Ази Европын харилцаа 2500 жилээс өмнө үүссэн. Торгоны зам бий болоод 2000 гаруй жил болж байна. Их Монгол Улс болоод их хааны түүх 800 жилээр тоологдоно. Хормой сөхдөг хөлчүү улсын их баяр наадам бий болоод хоёр жил болж байгаа. Түүнийхээ тухай л ярьж үз. Мангарууд аа” гэх агуулгатай пост байсан. “Засгийн газар зам тавихдаа зузаанаас нь иддэг байсан. Одоо бүр эгнээгээр нь иддэг болжээ. Дарханы замаас хоёр эгнээг нь идчихсэн байна шүү дээ. Яах вэ” гэж бичсэн. “Л.Оюун-Эрдэнэ уг нь би ямар ч дарга болохгүй, тэр байтугай байнгын хорооны ч дарга болохгүй гэж хэлсэн үеийн буюу шударга тавын зураг яваад байдаг даа. Тэр зурган дээр “шаадаг тав” гээд биччихсэн чинь мөн л хэрэг үүсгэсэн. Зөрчлийн шийтгэл оногдуулсан.  

-Эдгээр сэтгэгдэл, пост бүрийг тус тусад нь шүүж, зөрчлийн шийтгэл оногдуулав уу?

-Үгүй. Эдгээр постуудыг багцлаад нэг агуулга болгоод нэг хэрэг үүсгэчихсэн байна. Хоёр дахь зөрчлийн хэрэг нь мөн л хоёр постыг нэг агуулга болгоод хэрэг үүсгэчихсэн.

-Өө тийм үү. Ямар?

-Би Хэнтий аймагт явж байгаад пингвины байшин шиг барилгынх нь зургийг аваад видеожуулаад оруулчихсан юм. Тухайн видеондоо “Оюулзгана хулгайчийн 4.6 тэрбумын төсөвт өртөгтэй, 2019 онд ашиглалтад орох ёстой үзэл сурталгүй хөөсөнцөр балгас. Татвар төлөгчдийн мөнгөөр түүхэн газруудын үнэ цэнийг нь алдагдуулж түүхэн төрхийг устгахаа зогсооно уу” гэж бичсэн. Мөн хэлмэгдэгсдийн өдрөөр “Хэлмэгдэгсдийн музейг нураачхаад хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж буй дүр эсгээд яах вэ дээ” гэсэн агуулгатай зүйл бичсэн юм. Энэ хоёр постыг нэгтгээд хэрэг үүсгээд бүр зөрчлийн шийтгэл оногдуулсан.  

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД ГЭХ ХОЁР АЛБАН ТУШААЛААРАА ХОЁР ТУСДАА ГОМДОЛ ГАРГАСАН-

-Та зөрчлийн хэргийн торгуулуудиа төлсөн үү?

-Дээрх хоёр шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Иргэн нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, шийдвэр гаргагчдын алдаатай бодлогыг шүүмжилж буй хэлбэр. Үүнтэй холбоотой шүүх хурал арванхоёрдугаар сарын 22-нд товлогдсон байдаг. Шүүхээс энэхүү шийтгэлийг хүчингүй болговол би хэрэг хийгээгүй гэсэн үг. Хүчингүй болгохгүй бол би дараагийн шатны арга хэмжээ буюу давж заалдах шатны шүүхэд хандана гэсэн бодолтой байлаа. Гэхдээ Хэнтий аймагт 4.6 тэрбумаар баригдсан Их хуралдайг "Хөөсөнцөр балгас” гэж бичсэн мөн Соёлын сайд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн 16 фейсбүүк, твиттэр постуудад тус тус хоёр шийтгэл оногдуулсныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ХҮЧИНГҮЙ болгож шийдвэрлэлээ.

-Арванхоёрдугаар сарын 23-нд ямар шүүх хурал болохоор товлосон юм бэ?

-Маргааш /өнөөдөр/ 461 дүгээр ангид хоригдсон асуудалтай холбоотой шүүх хурал. NoDoubleStandart хөдөлгөөнийхөн буюу Монголхүүг өргөж гарсан зэрэг асуудлаар 15.30 цагт Баянгол дүүргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болох юм. Мөрдөн байцаалтад буцаах юм уу, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх юм уу гэдгээ шийдвэрлэж шүүх товоо зарлана. Уг нь 461 дүгээр ангид анх арав гаруулаа хоригдож, сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Улмаар найман хүнийг яллагдагчаар татсан байдаг. Түүнээс хоёр нь хэрэгсэхгүй болсон. Түүний нэг нь Монголхүү. Түүнийг цагдаа нар хууль бусаар 461 дүгээр ангид авч очиж, нуугдсан. Эмчийн өрөөнд нуугдаж байгаад баригдсан байдаг. Баривчилж, цагдан хорих тогтоол шийдвэр нь хаана байна гэтэл, тийм зүйл угаасаа байгаагүй гэсэн.

-Дорнод аймагт болсон хэргийг олон нийтэд дэлгэж шүгэл үлээснийг тань дээрх 461 дүгээр ангид хоригдсон асуудалтай тань нэгтэж шүүнэ гэж ойлгосон. Зөв үү. Яагаад нэгтгэсэн юм бол?

-Тийм. Дорнод аймагт болсон хэргийг ил болгосон асуудлыг, 461 дүгээр ангид хоригдсон асуудалтай нэгтгээд нэг хэрэг үүсгэсэн байна лээ. Би анх Дорнод аймагт харамсалтайгаар машинд дайруулсан С гээд залуугийн асуудлаар шүгэл үлээж, видео баримтыг олон нийтэд ил болгосон. Тухайн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ над дээр хоёр газарт гомдол гаргасан юм билээ. Нэг нь МАН-ын дарга гэдэг албан тушаалаараа, нөгөө нь Ерөнхий сайд гэдгээрээ.  

-НАД ДЭЭР НИЙТ ТАВАН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА-

-Ингэхэд нийт хэдэн хэрэг үүсгэж, шалгаж байгаа юм бэ?

-Нийт таван тусдаа хэрэг. /инээв.сурв/ Үүнээс зөрчлийн хоёр хэрэг. Өмнөх хүчингүй болгосон шийтгэлүүдийг одоо оруулахгүйгээр шүү дээ. Хамгийн анх “хөл хориог 21 биш 14 хоног болго” гэж жагсаж тэмцэж байх үеэр надад зөрчлийн шийтгэл ногдуулчихсан шүү дээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэлгүй байна гэдэг шалтгаанаар. Хоёр дахь нь “Х.Баттулгыг жонхуу гэсэн” шалтгаанаар хэрэг үүсгэж, шийтгэл ногдуулсан. Анхан шатны шүүх хэвээр үлдээсэн ч, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ мэтчилэн маш олон хэргүүд үүсгэж байна. Надаас гадна өөр хүмүүст ч хэрэг үүсгэж, шийтгэж байна. “NoDoubleStandart” жагсаалтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн яамны гаднаас н.Отгонтуяа гэх эмэгтэйг баривчлаад явсан. Тухайн эмэгтэйн хэрэг шүүх рүү шилжиж байгаа юм байна.

-Өөрт тань мэдэгдэхгүйгээр зөрчлийн хуулиар шийтгэсэн тохиолдол ч байгаа гэв үү. Таны жиргээнээс ийм мэдээлэл авлаа?

-Хэргийн материалтай танилцаж байх явцад оны эхээр шахуу надад мэдэгдэхгүйгээр хоёр зөрчлийн шийтгэл оногдуулсан байгаа юм. Тэр хэргүүдтэй саяхан очиж танилцлаа. Одоо дотоод хяналтад нь өргөдөл гомдлоо гаргах гэж байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 06-нд намайг нүцгэн баривчлах үеийн асуудал. Энэ асуудалтай холбоотойгоор би цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаад явж байсан юм л даа. Гэтэл над дээр шийтгэл оногдуулсан байгаа байхгүй юу.

-NoDoubleStandart хөдөлгөөнөөс бусад нь дандаа олон нийтийн цахим сүлжээн дэхь пост, сэтгэгдлүүдээр тань хэрэг үүсгэсэн юм байна, тийм үү?

-Үзэл бодлоо илэрхийлээд, жагсаж цуглаад, асуудал хөндөхөөр ямар нэгэн байдлаар хэрэг үүсгэдэг. Эсвэл ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байвал компанид нь хяналт шалгалт хийх зэргээр дарамталдаг. Төрөл бүрийн арга хэлбэрээр л үздэг. Эсвэл хүн амьтнаар “чимээгүй болчих, больчих. Тэгэхгүй бол шоронд орно шүү. Уулзаа байгаа юу” гэхчлэн үг дайдаг. Энэ бол бодит жишээ. Миний ойр дотнын найз нөхөд, хамаатан саднаар эдгээр үгсийг дайдаг. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар. Эдгээр үгсэд нь хариу өгөхгүй, үл тоомсорлох юм бол дараагийн арга хэмжээ рүү шилждэг.

-БИ ТЭДНИЙ ДАЙСАН ҮГСИЙГ “ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ” ГЭЖ Л ХҮЛЭЭЖ АВДАГ-

-Ямар нэгэн байдлаар хариу илгээж байв уу?

-Ийм үгсэд нь яг юу гэж хариу өгөх ёстой юм бэ. “Юу яриад байгаа юм бэ” л гэж хүлээж авдаг. Эрүүгийн хэрэг амжилттай үүсгэсэн нь л дээрх хоёр болохоос өмнөх зөрчлийн болон эрүүгийн хэргүүд бүгд хүчингүй болсон. Тодруулбал, гэмт хэргийн шинж агуулаагүй тул эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан биш зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд цагдаагийн байгууллага руу шилжүүлчихдэг юм байна. Харин цагдаагийн байгууллага булангийн өрөөнд хэдэн зуун хүнийг суулгачхаад зөрчлийн хуулиар торгоод л явуулчихдаг. Засгийн газар, төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн пост болгоны эсрэг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас бүхэл бүтэн баг ажиллаад байгаа байхгүй юу. Тэд хэргийг багц багцаар нь боогоод шилжүүлдэг. Тэдний өрөөнд торгууль бичдэг ягаан, цэнхэр, ногоон хуудаснууд боодол боодлоороо өрөөтэй байж байдаг. Мэдэгдэж байгаа нь бид болохоос жирийн иргэдийг хэдэн зуугаар нь торгодог. Зөрчлийн хэргийг тэнд үйлдвэрлэж байдаг. Байцаагдахаар очсон хүмүүсийг цагдаа нар арын нууц хаалгаараа оруулдаг. Маш сонин. Оруулаад хэсэгхэн зуур ганц хоёрхон зүйл асууж байгаад тэр дор нь торгууль оногдуулаад л явуулчихдаг.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тантай холбоотой гомдол гаргаагүй гэсэн юм билээ шүү дээ?

-Тэр чинь худлаа. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Ч.Болортуяагийн ярианаас “Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж байгаа хүмүүс дээр мониторинг хийж, эрүүгийн болон зөрчлийн хуулиар арга хэмжээ авах чиглэл өгсөн” гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд хэд хэдэн хүний цахим хуудас дээр юу нийтлэгдэх нь үү гээд байнга хянаад сууж байдаг юм шиг байгаа юм. Шүүмжлэлтэй зүйл бичингүүт хэрэг үүсгээд сууж байдаг.

-Тан дээр үүсгэсэн хэргүүд ихэвчлэн цахим хуудаснаа бичсэн сэтгэгдлүүдтэй холбоотой буюу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсэнтэй тань холбоотой байна тийм үү?

-Тийм шүү дээ. 461 дүгээр ангид хоригдсоноос бусад нь бүгд цахим орчинд бичсэн зүйлстэй холбоотой. Өөрөөр хэлбэл хувийн орон зайд тайван замаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаад өгч залхааж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зоригтой залуу юм аа

Зочин
Зочин

Mundagiin

del
del

зайлуул энийг хэн тоох юм вэ ? Оюунэрдэнэ нямбаатар 2 тоож байвал жижиг байна даа .

Зочин
Зочин

Цагдаагийн хаалгга үүдийг дэлбэ өшиглөөд ордог юм билээ шдээ хүний эрхийн нэр барьж үймээн самуунд турхирах нь өөрөө бусдыг хүндлэхгүй байгаа л хэлбэр

Зочин
Зочин

Зайлуул намын дарга гээд байгаа юм даа Яахаар даргын өвчин энэ хүүхэдэд тусдаг байнааа

Зочин
Зочин

за чамайгхэн тоохов дээ өөрмйгөө ихэд тоожээ

Зочин
Зочин

Битгий шаа гэж хэлье дээ.

Холбоотой мэдээ

Back to top button