Нийгмийн

Б.Эрдэнэнаран: Гурван айлын өвөлжөө, арваад айлын хашаа, байшин усанд автчихлаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төв, Эгийн голын эрэг орчмын оршин суугчид эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна. Учир нь энэ жил Эгийн голын түвшин эрс нэмэгдэж халиа үүссэн нь орчмын айлууд амьдран суух боломжгүйд хүргэжээ. Мөн сүүлийн өдрүүдэд айлуудын зоорь доороос ус бага багаар шүүрч түвшин нь нэмэгдэн хүнсний ногоогоо хадгалж чадахгүйд хүрээд байгаа аж. Үүсээд байгаа нөхцлийн талаар Эрдэнэбулган сумын Засаг дарга Б.Эрдэнэнарангаас тодрууллаа.

-Сумын төвд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч?   

- Манай сумынхан Эгийн голын энэ үзэгдлийг гадаргын усны түвшин дээшилсэн гэж үзэж байгаа. Настай хүмүүсээс асуухаар сүүлийн 50 жилд Эгийн гол ингэхийг хараагүй гэж хэлж байна. Арваад айлын хашаа, гурван малчин айлын өвөлжөө өтөг бууц усанд автлаа. Хоёр малчныг нь нүүлгэсэн. Нэг айлынх нь нөхцөл арай ч гайгүй болохоор түрдээ бол харзнаж байна. Сумын төвийн арваад айлын хашаа, 00 усаар дүүрсэн. Тухайн айлууд ах дүү хамаатан садныдаа амьдрах, тийм боломжгүй нь сургууль эмнэлэг гээд тамгын газрын данстай хэдэн байшиндаа хувааж нүүлгэн оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Миний бие өнөөдөр аймагт ирж засаг дарга, онцгой комисст хүсэлт өглөө. Яг одоо хуралдаж байна. АОК ирэх даваа гарагт манай суманд ажиллана. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл хавар гэхэд сумын 2, 3 дугаар хороо усанд автах магадлал өндөр байна. Ер нь сад тавих нөхцөл үүсчихлээ. Хүрээ нь өдрөөс өдөрт тэлж байна. Даваа гарагаас мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаад ирэхээр гарц шийдэл дүгнэлт бүгд тодорхой болох байхаа.  Ахмадууд маань бөглөрсөн хэсэгт тэсэлгээ хийж урсгалыг гольдрол руу оруулдаг гэж хэлэх юм.

Иргэн: Зоорины ногоогоо дээш зөөн хатааж байна...

Сүүлийн өдрүүдэд сумын төвийн айлуудын зоорьны дороос ус гарч ногоо тариалдаг өрхүүд эрсдэлд орж байгаа тухай иргэд ярьж байна. Иргэн С.Б "Би өчигдрийг хүртэл Эгийн гол маань халиад байна гэж бодож явлаа. Гэтэл өчигдөр ногоо авах гээд зоорь руугаа ортол 10 см хиртэй ус тогтсон байна. Ногоогоо дээш зөөж хатаах арга хэмжээ авч байна. Манайх бол харьцангуй бага ногоотой айл, манай суманд өч төчнөөн олон тонн ногоотой айлууд олон бий. Тэд маань эрсдэлд орвол яана гэж бодож байна" гэлээ.

Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авч Хөвсгөл, Булган аймгийн нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг Хөвсгөл нуур-Эг голын усны сав газарт хамаардаг 475 км урттай, 40454 хавтгай дөрвөлжин км ус хураах сав талбайтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Голын голдрил ай сав газар гэж бий.Гол руугаа хэт ойрхон сууршиж бохирдуулж,унаган төрхийг нь алдагдуулж байгаа учраас байгаль дэлхий өөрийгөө хамгаалж сануулга өгч байна.

Зочин
Зочин

Голын дэргэд буувал ингэх нь ойлгомжтой.

Зочин
Зочин

Арай л гол дотор нь буугаагүй байна. Эрэг орчим бол аргагүй байх даа

Дорж
Дорж

Голууд цагийн уртад гольдрогоо их өөрчилдөг юм байна лээ. Энэ жилээс усны түвшин их дээшилж байгаа юм билээ. Энэ айлууд нүүхээс өөр зам үлдсэнгүй дээ.

Монгол
Монгол

Байгаль дэлхий ингэх нь ойлгомжтой шүү дээ. Яах гэж голын эрэгт ойр суурьшдаг байна? Үерлэх нь ойлгомжтой шд. Эртхэн аюулгүй газарт нүүсэн нь дээр! Худлаа улсаас нөхөн төлбөр санаархаад сууж байгаа иргэн ч байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button