Байгаль хамгаалагч Ц.Цогбаатар: Модны хулгай татарсан нь хууль чангарсантай холбоотой

Нийслэлийн Байгаль Орчны Газар /НБОГ/ нь байгаль хамгаалах хэлтсийн Гачуурт хэсгийн ахлагч, байгаль орчны улсын байцаагч Ц.Цогбаатартай ярилцлаа.
- Сайхан өвөлжиж байна уу, та. Таны ажил тавлаг уу?
-Сайн, сайн. Энэ жил өнтэй сайхан, дулаахан өвөл болж байна. Хууль, журам чангарсан учраас модны хулгай бараг зогссон болохоор нөхцөл байдал тайван байна. Урьд өмнө бол яг өдийд модны хулгайтай тэмцдэг байсан юм.
-Нөхцөл байдал тайван байгаа ч эргүүл, хамгаалалтаа хийнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Манай Гачуурт хэсэг зургаан улсын байцаагч, таван байгаль хамгаалагчтай. Бид Улиастай, Гачуурт, Налайх, Багануурыг хариуцдаг. Энэ том газар нутгийг чинь өдөрт хэдэн байцаагч, хамгаалагчтай хариуцсан хэсгүүдээ заавал эргэж тойрно. Зөвхөн миний хувьд л гэхэд 17 мянган га талбайг хариуцаж ажилладаг. Бидний ажилд нутгийн иргэдийн оролцоо, мэдээлэл их чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, унаа хөсөгний хангамж хэр вэ?
-Хувцас хунар, гар утас гээд ойр зуурын хэрэглээний зүйлс бол хангалттай. Унаа асуудалтай. Зуны цагт бид нарт мотоцикль өгдөг. Өвөл бол өөрсдийнхөө машинаар эргүүлд явдаг. Би өөрөө Гачууртын хэсгийн ахлагч, энэ ажлаас маань өвөл 170 мянган төгрөгийн талон өгдөг. Машиндаа хоёр удаа шатахуун хийгээд л дуусчихдаг мөнгө. Өдөр болгон эргүүлээ хийнэ, ахлах ажилтан учраас бусаддаа асуудал гарвал хэнийх нь ч тал руу хамаагүй явна. Унаа л асуудалтай.
-Хамгаалах хэрэгсэл байх уу?
-Хийн буу байсан буцаагаад өгчихсөн. Бороохойнууд маань эвдэрсэн.
-Хулгайн ан, мод бэлтгэл ч гэдэг юмуу эрсдэл учирвал биеэ яаж хамгаалах вэ?
-Улаан гараараа л үзэх байх. /инээв/ Иргэд илүү ухамсартай болсон, нөгөө талаас бид нар хууль, журмаа сайн сурталчилдаг, орон нутгийн иргэдтэйгээ ойрхон ажилладаг болохоор харьцангуй тайван нөхцөлд ажиллаж байна даа. Модны хулгай том машинаар явдаг байхад хүнд байсан. Сүүлдээ портер, микроор зөөх гэж үзээд, бүр эцэстээ машины багажид хийж зөөх гэж үзсэн. Тэгээд хууль чангараад ирэхээр хэн модны төлөө эрүүгийн хариуцлага хүлээе гэж бодохов, намждаг юм байна.
-Улирал улирлын онцлог байдаг байх?
-Өвлийн улиралд модны хулгай гарна. Хааяа анчид явна. Хавар, намар хуурайшилттай үед түймэр их гарна. Хамгийн ачаалалтай үе энэ. Галын санамжаа тараана, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж хязгаарлаж эхэлдэг. Зуны улиралд аялал зугаалгын үе. Гол усны түвшин хэвийн, иргэд хог хаяхгүй байвал ард түмнийхээ аялал зугаалгын тав тухтай байдлыг хангах гээд үзнэ дээ.
-Танай энэ хэсгийн онцлог нь юу вэ?
-Миний хариуцсан нутаг дэвсгэрт 6900 га талбай бүхий Дээндийн нурууг 2019 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. 130 гаруй буга, 100 гаруй бор гөрөөс гээд ан амьтан ихтэй Хан хэнтий нурууны салбар онгон дагшнаараа үлдсэн ганц газар нь энэ юм. Доороосоо очдог ганц замаар бид хүрч эргэж тойрна. Хужир шүү тавьж өгдөг хэд хэдэн цэгтэй.
-Нийслэлийн хэмжээнд танай байгууллага амьтан аврах хэлтэстэй юм билээ. Энэ төрлийн дуудлага ирдэг үү?
-Суурьшлын бүс биш болохоор амьтан гэмтэх эрсдэлд орохгүй ээ энд. Зориулалтын бус хашаа бүхий суурьшлын бүстэй газруудад амьтан аврах дуудлагууд элбэг тохиолддог. Зэрлэг амьтад, мал ихэвчлэн хашаанд өлгөгдөх, төмөрт орооцолдох, аюулгүй байдал хангаагүй нүх цооногт унах гэх мэт осолд өртдөг.
-Өвлийн аялал жуулчлал, иргэдийн хөл хөдөлгөөн ийшээ хэр байна?
-Аяллын хөл хөдөлгөөн өвөл гэлтгүй их байна. Иргэд агаарт гарч, үр хүүхдээ байгаль дэлхийтэйгээ танилцуулах нь зөв. Хамгийн гол нь хог хаяхгүй, цэвэрхэн зөв аялах хэрэгтэй. Манай иргэдийн гол болдоггүй юм нь хоол, ундаа, хүнснийхээ сав, баглаа, боодлыг тэр чигт нь хаяад явчихдаг.
- Ямартай ч Гачуурт орчим тайван сайхан өвөл болж байгаа юм байна. Танд ажлын амжилт хүсье?
- Баярлалаа. Цас багатай дулаан өвөл болж байна. Гэхдээ хавартаа хуурайшилт эрт эхэлдэг болохоор нэг талдаа эрсдэл өндөртэй. Цастай жил хуурайшилт гуравдугаар сарын 20-ноос эхэлдэг. Энэ жил цаг агаар энэ хэвээр байвал хоёрдугаар сараас хуурайшилт эхлэх шинжтэй.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.