Баярын үеэр "ГУРИЛДСАН" хуулийн төслүүд
Одоогоос долоон жилийн өмнө Д.Тэрбишдагва тэргүүтэй хэсэг гишүүд УИХ-аар 2006 оноос хойш баталж гаргасан нийт хуулийн ихэнх нь баяр ёслолын үеийг тааруулж буюу олон нийтийн анхаарал сарнисан үед баталсан гэсэн мэдээлэл өгч байсан юм. Энэ нь үнэн. Бүр хэвээрээ байна, эл тактик. Хамаг ард түмний анхаарал, оюун санаа, нүд чих баяр ёслол, амралт руу чиглэсэн байхад эрх ашгийн хуулиа батлахаа мэдэхийн дээдээр мэддэг залгамж халаа үргэлжилсээр.
Сая арванхоёрдугаар сарын 30-нд буюу айл өрхүүдийг багачуудын бэлэг, баярын ширээгээ бодож явах хооронд тэд чуулганыг хуралдуулж, хэд хэдэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталчихсан. Тодруулбал, ковидын хуулийг зургаан сараар сунгаж, Оюу толгойн тогтоолын төслийг баталснаас гадна “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тогтоолын төслийг хаалт, эсэргүүцэлгүй нэгэн дуугаар “машиндав”. Арга нь бүр нарийн. Арванхоёрдугаар сарын 28-нд мягмар гараг нь Үндэсний эрх чөлөөний өдөр буюу бүх нийтийн амралтын өмнөх өдөр байсан. Эл өдрийн 16.00 цагт УИХ-ын чуулган зарлан хуралдуулж, хуулийн болон тогтоолын төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм.
Төрийн албаар дахин ЗУРГААН САР тоглохоор ковидын хуулийг сунгав
“Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг сунгасан. Ковидын үеийн төсвийн захиран зарцуулах эрх мэдлийг УИХ-д нь авчрах үндсэн зорилго биелэв. Үүнээс гадна МАН төрийн албанд дахин зургаан сар сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж, дураар дургих боломж. Эл хуулиас өнгөрсөн онд 1036 хүн ямар ч шалгалтгүйгээр төрийн албанд томилогдсон байдаг. 1000 гаруй томилгооны 540 гаруй нь хууль бус байсан нь эмгэнэлтэй тоо баримт. Энэ нь эрх баригчид төрийн албыг төрлийн алба болгож иргэдийн амьдралаар жинхэнэ тоглож байгаагийн жишээ. МАН-д боломж, ард түмэнд бол хаалт, зовлон. Иргэдэд халтай хүний эрх, эрх чөлөөг хассан, хясан боогдуулсан олон заалт бий.
Шинэ сэргэлтийн бодлогыг гуравхан хоногийн дотор шуурхайлан батлав
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхий сайд уншиж танилцуулсан. Улмаар шууд л анхны болон эцсийн хэлэлцүүлгийг нь хийж, батлав. Угтаа анхны хэлэлцүүлэгт өрнөсөн маргаан мэтгэлцээний дагуу төсөлд өөрчлөлт орж боловсруулагдаад, эцсийн хэлэлцүүлэгт орж ирэх ёстой. Гэвч “Дэмжинэ ээ, дэмжинэ” гэсэн агуулгаар Засгийн газрын бодлогыг УИХ нь элдэв шүүжмгүйгээр шууд алгаа тосоод, толгой дохин угтаж авсан юм. Ингээд л 2022 оны арвнэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөөд эхэлчихсэн яваа. Монголд хууль тогтоол батлуулах процесс нь ийм л амархан.
Баярын үеэр Оюутолгойн асуудлаа баталдаг уламжлалт ёс давтагдав
Том ордын хувь заяатай холбоотой асуудлыг УИХ дандаа баяр наадмаар баталж байсан. Тэрхүү тактикаа дахин ашигласан хувь заяа давтагдав. Хамгийн сүүлд гэхэд л шинэ жилийн баярыг далимдуулан маш удаан яригдсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав. Үүгээр өр төлбөрт ороод байсан асуудлыг шийдсэн нь чухал ч, ашиг хүртэх хугацаа наашилсан гэж буй. “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой гэж тайлбарлаж байгаа билээ.
Мөн
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг тус тус яаравчлан бөөндөж баталсан байдаг.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Та бидний сонгосон түшээд оны төгсгөлд баярын үеийг далимдуулан Монголын түүхэнд ач холбогдол ихтэй хуулиудыг хэдхэн цагийн дотор хэлэлцсэн болоод баталчихсан нь энэ. “Чоно борооноор” гэгчээр хамгийн эгзэгтэй, маргаан дагуулж мэдэх, бас элдэв төвөггүй баталчихвал өөрсдөд нь ашигтай төслүүдийг УИХ-ын гишүүд баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг тохиолдуулж, үдэш орой ч хамаагүй хэлэлцэхдээ гаргууд. Харамсалтай нь баяраар баталсан хуулиудыг иргэд мэдэхгүй, ойлгохгүй өнгөрдөг учраас эдгээр хуулийн хэрэгжилт өнөө хэр хангалтгүй байдаг шалтгаантай. Мөн хуулийн давхцал хийдэл, эрх ашгийн зөрчил гарч судалгаагүй баталсан хууль ард түмний нуруунд ачаа болон ирдэг билээ. Салбар яам, эсвэл батлуулсан улстөрч нь араас нь анхаарал хандуулж хуулиа сурталчлахгүй л бол баярын бялуу, буузтайгаа холиод идчихдэг, хэрэгжүүлэх гэж хичээдэггүй нь гачлантай. Баяр ёслолгүй үед батлагдсан чухал хууль үзээд өгье гэсэн ч ширхэг ч байхгүй. Хэрвээ чухал хуулийн төсөл ороод ирвэл ээлжилж завсарлага авсаар яаж ийгээд л баяртай уяж орхидог билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
jduchin hulgaich nariig songochood nuguudul ni ahiad hulgai hiiheer gaihaad bh hereg bainu
ugaasa hulgaich nohoi shig hachin ajildag humuus shdee
MAN g songoson ta hed oodo tegeed yahuvde hohichine l geydaa