УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг 2024 он гэхэд хог хаягдлаас нь бүрэн салгах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Өнөөдөр бид амьдралын эх болсон, чандмань эрдэнэ усны талаар, Хөвсгөл нуураа хэрхэн хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд цуглараад байна.  Манай улсын цэнгэг усын  74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол Дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай нэн эртний нууруудын нэг  юм. Монголчууд бид үзэсгэлэнт Хөвсгөл нуураа далай ээж, хөх сувд хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж, далай ээжээсээ ундаалж, умбан шумбадаг билээ. Хөвсгөл далай зөвхөн Монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг Байгаль далайд цутган дэлхийн эко системийг тэтгэдэг. 

Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн техник хэрэгсэл, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуй нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг санаачлан зохион  байгуулж байна. 

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Засгийн газрын 332 тогтоолыг батлан гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор тодорхой ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнгээ өгч байна. Хөвсгөл далайг хамгаалах, хөгжүүлэх ажлыг цаашид улам эрчимжүүлэн, зохих үр дүнд хүргэх нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт бүрэн нийцнэ хэмээн үзэж байна.

1950-аад оноос эхлэн өвлийн улиралд түлш, бордоо шатахуун, бараа материал тээвэрлэдэг автомашинууд Хөвсгөл нуур дээгүүр зорчих үед нуурын мөс цөмөрснөөс Хөвсгөл далайн ёроолд өнөөдрийг хүртэл 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг эвдэн хорт хавдар мэт байсаар байна.

...Өнгөрсөн жил эрдэмтэн судлаачдын тооцоо, судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн эх үүсвэрийг аюулгүй болгосон. Сүхбаатар хөлөг өнөөдөр онгоц гадаад, дотоодын жуулчдын үзмэр болж хувирсан бөгөөд далайн тээвэртээ дахин гарахгүй ч гэсэн эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, Монголын усан тээврийг өгүүлэх бодит гэрч болсоор байна.

...Цаашид нуурт живсэн автомашинуудын байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд осол аюулгүй татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн автомашин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусах ёстой. 

...Цаашид Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчлэн өргөжүүлж, нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх, нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын газар олголтыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөн хэрэгжүүлэх, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлага байна. Үүнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал юм" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button