Нийгмийн

Б.Оюумаа: Гурав дараалан ихэр хүүхэд төрүүлсэн би хамгийн азтай, хамгийн баян ээж

Үртэй хүн жаргалтай. Ижийн хайрыг юугаар ч хэмжиж, зүйрлэх аргагүй. Үүний сацуу өөр юутай ч жишиж үл болно. Амьдралын олон нугачаан дунд алаг үрийнхээ төлөө гэсээр өөрийгөө ч үл хайхран зүтгэж “Эвий дээ, үр минь” гээд хошуу дэвсэн суугаа ижий бүхэн үр хүүхдийнхээ бахархал нь.

Гурвын гурван удаа ихэр хүүхэд төрүүлж, долоон хүүхдийн ээж болсон ховор хувь заяаны эзэн түүнийг Дамдинжавын Оюумаа гэдэг. Архангай аймгийн Хангай сумын харьяат тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын шилдэг “Алдарт эх”-ээр тодорсон юм. Ёслолын үеэр хоёр ихэр хүүхдээ хөхүүлж буй түүний зураг өчигдөр цахим орчинд тархан, олон, олон хүний хайр, хүндлэлийг хүлээсээр.

Б.Оюумаа хань С.Нямсайхантайгаа 10 жилийн өмнө ханилжээ. Тэдний том хүү Н.Баянмонгол 15, анхны ихэр Энхнамар, Энхнаран нар 7, дунд ихэр Эрхэс, Мичид нар 5 настай, баг ихэр болох Мөнхдөл, Минжин нар нь ой, хоёр сартай.

Хоёр ихэр, нялх хүүхэд өсгөх ямар билээ. Тэгэхэд тэднийх зургаагийн зургаан тэрсхэн хүүхдийг эрүүл саруул өсгөнө, сургаж хүмүүжүүлнэ гэдэг үнэхээр амаргүй байгаа нь мэдээж.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бид “Алдарт эх”, долоон хөөрхөн хүүхдийн ээж Д.Оюумааг онцоллоо.

“Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн ёслолоос шагналаа авсных дараа бид түүнийг хань, хүүхдүүдийнх нь хамт “Eguur.mn” сайтын студид урьж, ийн ярилцлаа. Ой, гаруйтай, тав, долоон настай ихэр хүүхдүүд нь хоорондоо үнэхээр адилхан, эгдүүтэй гэж жигтэйхэн. Жаахан хүүхэд л болсон хойно уйлна, уурлана, үймүүлнэ. Ээжийгээ ярилцлага өгч байна, өөрсдийнх нь бичлэгийг хийгээд сайтад нийтлэнэ гэж мэдэж буй шинж ер алга. Арга ч үгүй, жаахан юм чинь.

Гэр бүлээрээ сууж байгаад ярилцлагаа эхлүүлсэн ч хүүхдүүдээ саатуулах, аргадах том үүрэг гэрийн эзэн С.Нямсайханд оногдсон. Хоёр бага нь уйлан, байсхийгээд мөөмөө нэхэж байв. Тухай бүрд нь Д.Оюумаа мөөмөө хөхүүлж, аргадчихаад ярицлагаа үргэлжлүүлж байлаа. Ярилцлага хийх цаг хүрэхгүй хугацаанд ингэж бужигнаж, шаагилдаж байгаа юм чинь гэртээ хэрхэн олуулаа шуугилдаж, хөгжилдөн, уйлж, дуулж байдаг бол гэж төсөөлөхөд ч хайр хүрэм.  

-Тэрсхэн, тэгээд бүр хоёр, хоёроороо ихэр зургаан хүүхэд өсгөх амаргүй. Хүүхдүүдийнхээ хоол, хичээл, гэрийн ажил гэсээр нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн байдаг болов уу. Таны шинэ өглөө хүүхдүүдтэйгээ хэрхэн бужигнасаар эхэлдэг вэ?

-Өнөр өтгөн, олон хөөрхөн хүүхэдтэй байх шиг сайхан, аз жаргалтай зүйл гэж юу байх вэ. Долоон хөөрхөн хүүхдээрээ би бахархдаг. Ёстой нэг юугаар  ч сольж, хэмжишгүй баялаг минь байхгүй юу. Би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай, хамгийн баян ээж. Мэдээж тэрсхэн, бага насны, зургаан хүүхэд өсгөх амаргүй. Маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Шөнө нойргүй хонох үе зөндөө. Өвдөнө, уйлна, шуугилдана, үймүүлнэ. Хэцүү юм шиг боловч энэ чинь ээж хүний жаргал байхгүй юу.

Би өдөр бүхэн 06.00 цаг өнгөрөөгөөд босдог. Жаахан унтмаар санагдсан, ядарсан үедээ 6.20 минутад босдог. Том хүүгийнхээ ундыг нь бэлдэж өгөөд хичээлд нь явуулдаг. Тэгээд л дараагийн хоёр нь босдог. Тэгж байтал нь бага хоёр нь сэрээд, мөөмөө хөхдөг. Тэгээд л миний нэг өдөр эхэлдэг дээ. Хүүхдүүдтэйгээ бужигнаж, уйлалдаж, дуулалдан, шаагилдаж байтал нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн байдаг.

-Хоёр нялх хүүхэдтэй танд том, дунд ихрүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө, авна гэдэг чанга байгаа нь мэдээж. Хэрхэн зохицуулдаг вэ?

-Хань бид хоёрт тулгарч буй хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь энэ. Замын түгжрэлээс авхуулаад бид хоёроос үл шалтгаалах хүчин зүйл олон. Би хоёр нялх хүүхэдтэй тул хүссэн үедээ гараад хүүхдүүдээ зөөж чаддаггүй. Хань минь л хамаг юмыг зохицуулдаг. Манай нэг найзын хүүхдийн сурдаг сургуульд том хоёр ихэр минь явдаг. Тэр найз маань хүүхдээ авахдаа манай хоёр охиныг хамт аваад ирдэг юм. Энэ нь хань бид хоёрт үнэхээр том тус болдог.

Хоёр бага ихрээ төрүүлэхэд хатуу хөл хориотой үе байсан. Яг тийм хүнд цаг үед би төрсөн. Том хоёр ихэр маань нэгдүгээр ангид байсан тул аргагүйн эрхэнд дунд хоёр ихрийнхээ цэцэрлэгээс нь чөлөө аваад, нэг жилийг давсан. Тийм, тийм хүндрэл, бэрхшээл их гарна аа.

Би нялх хүүхэдтэй тул хань минь ажлаа хийхгүй бол манай гэрлийн орлого зогсоно. Тиймээс идэж уух, өмсөж зүүх юмаар хүүхдүүдээ дутаахгүй гэсэндээ аав нь чөлөө завгүй ажилладаг.

-Анх ээж болсон, том хүүгээ төрүүлсэн үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би 25-ныхаа жил том хүүгээ төрүүлсэн. Амаржих гээд эмнэлэгт очиход “Ямар хөгшин төрж байгаа юм бэ” гээд эмч нар асууж байсныг тод санаж байна. Уг нь би өөрийгөө залуудаа төрж байна гэж бодсон юм л даа. Тухайн үед эхчүүд их залуудаа төрж байсан шиг байгаа юм. Тэгж хэлэхээр нь анзаарахад, миний үеийн ихэнх ээжүүд хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлж байсан.

Эмэгтэй хүний хамгийн сайхан, үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж бол ээж болох. Анх ээж болчихоод шөнө ер унтаагүй. “Ийм хөөрхөн хүүхэд надаас төрчихлөө гэж үү. Би нээрэн ээж болчихлоо, ямар гоё юм бэ” гэж догдолж, баярлаж билээ.

Эмнэлгээс гарч, ханьтайгаа хамт хүүгээ тэвэрсээр гэртээ харих мэдрэмж хэчнээн гоё байсан гэж санана. Үнэхээр гэр бүлийн аз жаргалын гол үндэс нь хүүхэд. Долоон хүүхэд минь хань бид хоёрын амьдралын утга учир.

-Том хүүгээ төрүүлснээс тань хойш долоон жилийн дараа анхны ихэр нь мэндэлсэн юм билээ. Ихэр хүүхэдтэй болоход ямар мэдрэмж төрж байв?

 Үнэхээр гоё мэдрэмж төрсөн, баярласан. Эмчид үзүүлэхэд “Ихэр хүүхэд төрүүлэх нь” гэхэд нь их гайхаж, шоконд орж билээ. Манай талд ч мөн ихрийн удамтайг сайн мэдээгүй, надаас ихэр хүүхэд төрнө гэж ёстой төсөөлөөгүй байсан юм л даа. Ихэр хүүхэд юм чинь их жижигхэн мэндлэх байх гэж бодож байлаа. Анхны ихрийг минь төрүүлсэн ЭХЭМҮТ-ийн эмч нарт баярлаж явдаг.

-Дахиад хоёр удаа ихэр хүүхэд мэндэлсэн нь яалт ч үгүй ховор тохиолдол. Та өөрийгөө үнэхээр азтай эх гэж боддог уу?

-Тэгж бодолгүй яах вэ. Гурав дахиа жирэмсэн болоод “Амгалан амаржих”-д үзүүлэхэд “Хөөх, дахиад ихэр хүүхэд байна. Баяр хүргэе” гэсэн. Эмч нар нь надаас дутахгүй баярлан, догдолоход нь миний сэтгэл сэтгэл хөдөлсөн. Дараа нь дахиад ихэр хүүхэдтэй болоод үнэхээр их баярласан, догдолсон. Бага хоёроо мөн “Амгалан амаржих”-д төрүүлсэн. Тус эмнэлгийн эмч нарт ч мөн баярлаж явдаг. Хүүхдүүдээ бүгдийг нь би өөрөөрөө төрүүлсэн.

Гурав дараалан ихэрлэж, долоон хөөрхөн хүүхдийн ээж болсноороо бахархдаг. Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай ээж гэж боддог. Ханиараа, долон хүүхдээрээ, гэр бүлээрээ би бахархдаг.

-Өнөөдөр (өчигдөр) “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн арга хэмжээнээс шагнал авахдаа ханиараа, хүүхдүүдээрээ бүр ч их бахархсан уу?

-Тэгсэн. Шагналаа гардаж авахаар ханьтайгаа, долоон хүүхэдтэйгээ хамт тайзан дээр зогсож байхад үнэхээр их аз жаргалыг мэдэрлээ. Шагнал авсандаа их баяртай байна. Мэдээж би ганцаараа хэчнээн хичээн, зүтгээд ч долоон хүүхэд өсгөж чадахгүй. Үргэлж тулж, түшин, дэмждэг ханийн минь тус, дэм их бий. Ганцхан надад бус гэр бүлд минь олгосон шагнал юм шүү. Ханьдаа, хүүхдүүддээ их баярлалаа.

 -Гурав дараалан ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол Монголд хэр олон байдаг бол?

-Ер нь ховор байх. Би лав мэдэхгүй, сонсож байгаагүй. Дөрөв дараалан ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол нэг лав байдаг юм билээ.

-Ихрүүд нь тэрсхэн, бага настай болохоор илүү ажиллагаа шаарддаг уу?

-Тэгдэг. Ууган хүү минь 15 настай. Том хүү минь аав, ээж хоёртоо их туслаж, дэм болдог. Анх ихэр хүүхэдтэй болоход нэг хүүхэд бойжуулахаас илүү ажиллагаатай санагдан, их ядардаг байлаа. Одоо бүр дасаад, ихэр хүүхэд өсгөж сурсандаа ч тэр үү тэгж санагдахаа больчихсон.

Ихэнх хүмүүс хань бид хоёрыг нэрээр минь дууддаггүй. “Ихрүүдийн ээж”, “Ихрүүдийн аав” л гэдэг.

-Танайд ихрийн удам бий юү?

-Хоёр талаасаа ихрийн удамтай.

-Эх хүний, олон хүүхэдтэй байхын хамгийн сайхан нь таны хувьд юу вэ?

-Түрүүн хэлсэнчлэн, гэр бүлээрээ, ханиараа, хүүхдүүдээрээ их бахархдаг. Өнөөдөр ингээд шагнал авсан маань хань, хүүхдүүдийн минь ач гавьяа. Долоон хөөрхөн хүүхэд минь намайг ивээснийх. Хүүхдүүд минь юутай ч зүйрлэж, юугаар ч сольшгүй эрдэнэ. Хамаатнууд, нутгийнхан минь манайхыг их хүндэлдэг. Олны хайр, хүндлэлийг хүлээж яваагаараа бахархдаг.

-Ажил хийхгүй, нийгмийн харилцаанд орохгүй удахаар бухимдах үе гарах юм уу. Төрсний дараах сэтгэл зүйн хямралд орж байв уу?

-Хүүхэд гаргаад олон жил гэртээ байхаар бухимдах үе гарна аа, гарна. Сэтгэл санаа хямарсан үедээ нэг удаа нөхөртөө “Би ажил хийе. Чи хүүхдүүдээ хар” гэж уурласан. Тэгээд яах вэ, уур гарсны дараа “Эвий дээ, хань минь” гээд л тайвширдаг.

Ядрах, сэтгэл санаа хямрах, бухимдах үе зөндөө. Хүүхэд уйлаад шөнө нойргүй хоносон ч өглөө нь инээж, хөхрөөд явж буйг нь хараад ядарснаа, нойргүй хоносноо мартчихдаг.

Би хүүхдүүдээ өсгөж гэртээ байхдаа зүгээр суухыг хүсдэггүй. Аль болох зав гаргаад өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Онлайн сургалтад их сууж, өөрийгөө хөгжүүлдэг.

-Маргааш (өнөөдөр) Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та баярын өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ баярладаг. Халамжтай, сайн ханийн буянаар аз жаргалтай, сайхан амьдарч байна. Эмэгтэй хүн бүхэн аз жаргалтай амьдраасай, үргэлж инээмсэглэж яваасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Маргааш баяраа сайхан тэмдэглээрэй.

-Баярлалаа. Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай, аз жаргал хүсье.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.СУЛТАНБАРС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ymr huurhun ym be

Zochin
Zochin

Uneheer “Bayn” eej bnaa. Harin iheruud ni hoorondoo neg ih adilgui ymaa. Tanihgui ch gesen Martiin 8 nii bayr hurgie!

ard
ard

би баян нь яахав энэ олон хүүхдэээ боломжииин амьдрахдан төр засгииин хулгаачуууд дэмжих ёстой шүүүү лалруудааа

eej
eej

Bair ogdog bizdee bair ogmoor umaa Hurelsuhee

зочин
зочин

Хөөрхөн хүүхдүүдтэй сайхан айлд аз жаргал хүсье. Одонгоор яахав дээ. Ийм гавъяатай ээжид мөнгө өгөх хэрэгтэй. Олон хүүхэд гэдэг зардал мэдээж их. Хороо дүүрэг, хүүхдийн байгууллага, нөгөө олон эмэгтэчүүдийн эрх хангах газрууд хаана байна. Мөнгө хөрөнгөний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулаач.

Зориг
Зориг

Үнэхээр баян, аз жаргалтай ээж, аав, үр хүүхдүүд юм аа. Танай өнөр өтгөн сайхан гэр бүлд орёлонгийн хамгийн сн схныг хүсье. Монголын минь үрс энх тунх, аз жаргалтай өсөн торних болтугай????????????????????????????????????????????????????????????????????????????????????♥️????♥️

Зочин
Зочин

bitgii hun hognuud toruuleed bai!

nnanana
nnanana
Reply to  Зочин

chi ooroo hun monuu iim ym bichij bdg

Холбоотой мэдээ

Back to top button