Бүх шатны цэцэрлэг, сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цэцэрлэг, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах асуудлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд үүрэг даалгавар болголоо. Өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн сурах орчин нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг тохируулгын тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэй. Мөн туслах багшийн асуудлыг шийдвэрлэх, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид 30 хувийн цалингийн нэмэгдэл олгодог журам хуулийн хэрэгжилтэд анхаарахыг санууллаа. Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байх асуудлыг шийдвэрлэхийг даалгалаа.
Мөн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг энэхүү мэргэжлүүдийн дутагдалд Монгол Улс ороод байна. Ийм учраас эдгээр мэргэжлүүдээр хүний нөөцийг сургах, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг тухайн мэргэжлүүдээр дадлагажуулах, сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгох тал дээр анхаарч, ажлын байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах орчныг нь бүрдүүлж өгсөн зохицуулалтууд хийхийг даалгаж байна" хэмээв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.