Монголд Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шагналыг гардууллаа

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.
Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Ингээд өнөөдөр шагнал гардуулах ёслол болов.
- 23 дахь удаагийн олимпиадын үр дүнгээр
- Тусгай байрын болзол хангасан 34 сурагч
- Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
- Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
- Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардлаа.

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна.
- Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
- Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
- Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.

Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм.

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө.
Олимпиад гэдэг нэг талаар эрэмбэ чансааг тодорхойлох зорилготой ч нөгөө талдаа харилцан туршлага солилцох, ойртож нөхөрлөх, хамтарч урагшлах том боломж юм. Ази тивийн шилдэг сурагчдадаа амжилт хүсье.



Ташрамд дурдахад, Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадын хүндэт зочин 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналтан Константин Новоселов урд шөнө олимпиадад амжилттай оролцсон сурагчдын медалийн бүчин дээр гарын үсгээ зурж үлдээжээ. Тэрбээр өнөөдөр үүрээр 06:20 цагт буцсан юм. Ирээдүйд энэ сурагчдын дундаас олон олон Нобелийн шагналтан төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр хэлсэн байна.
Эх сурвалж: БШУЯ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.