ДЭЛХИЙ

Economic Times: Энэтхэг Монгол Улс хоёр хамтарсан цэргийн сургуулилт эхлүүлжээ

Энэтхэг болон Монгол Улс хоёрын хамтарсан “Нүүдэлчин заан 2023” цэргийн сургуулилтад оролцохоор Энэтхэгийн Зэвсэгт хүчиний 43 албан хаагч ням гарагт (2023.07.16) Монголыг зорьсон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ. Өнөөдрөөс эхлэн энэ сарын сүүл хүртэл (2023.07.17-2023.07.31) үргэлжлэх тус ажиллагаа нь хоёр улс хоорондоо хамтран явуулж буй 15 дахь удаагийн сургуулилт юм.

“Нүүдэлчин заан” нь Монгол болон Энэтхэг улсад жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг. Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард Энэтхэгийн Баклох дахь Тусгай хүчний сургалтын албанд болжээ. Энэ жилийнх нь Улаанбаатар хотод болох бөгөөд, Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн цэргүүд, Жамму мөн Кашмирын явган цэргийн алба хаагчид оролцох аж.

Энэ сургуулилт нь цэрэг хоорондын эерэг харилцааг бий болгох, туршлага солилцох, хоёр армийн хамтын ажиллагаа, найрсаг харилцаа, нөхөрлөл, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд чиглэнэ хэмээн Энэтхэгийн Батлан Хамгаалах Яамнаас мэдээлжээ. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уулархаг бүс нутагт явуулдаг терроризмын эсрэг үйл ажиллагаанд чиглэж сургуулилтаа явуулах юм.

Хоёр улсын цэргүүд тэсвэр тэвчээрийн сургалт, түргэн буудлага, өрөөний нөхцөлд цэргийн ажиллагаа явуулах, жижиг багаар ажиллах гэх мэт хөтөлбөрүүдэд хамрагдана. “Нүүдэлчин Заан 2023” сургуулилт нь Энэтхэг болон Монголын зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хувьд чухал үе шат болж, хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Өнгөрсөн сард “Хааны эрэлд 2023” нэртэй Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, Канад, АНУ, Лаос зэрэг 26 улсын 1,100 гаруй цэрэг оролцсон энхийг сахиулах цэргийн сургуулилт Монголд болсон билээ. АНУ, БНХАУ хоёрын харилцаа хэцүүхэн үед мөн Энэтхэг, БНХАУ хоорондын хилийн зөрчилдөөн намжаагүй үед цэргүүд нь сургуулилтад хамт оролцож байгаа нь шинжээчдийн анхаарлыг татсан юм.

Зургаадугаар сарын 19-нөөс эхлэн 14 хоног үргэлжилсэн тус сургуулилтыг АНУ-ын Номхон далайн цэргийн удирдлага болон Монгол Улсын Зэвсэгт хүчин санхүүжүүлж явуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сургуулилтын нээлт дээр үг хэлэхдээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, бие даасан гадаад бодлогыг баримталсаар ирсэн. Тус сургуулилт нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа” хэмээжээ.

Эх сурвалж: Tribune News, Economic Times India, Ani News

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button