Х.Отгонбаатар: Манай улсын 15 настнуудын унших чадвар тааруу үнэлэгдсэн

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, боловсрол судлаач Х.Отгонбаатартай ярилцлаа.
-Хөтөлбөрийн үзэл баримтлал гэдэг зүйлийн талаар их яригдах боллоо. Энэ яг юу юм бэ?
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр гэж маш чухал баримт бичиг бий. Энэ баримт бичгийг 10 жилд нэг удаа шинэчлэн найруулах хуулийн зохицуулалттай. Сая сургалтын хөтөлбөр үзэл баримтлалтай байна. Сургалтын хөтөлбөрийг үзэл баримтлалд нь нийцүүлж боловсруулна гээд боловсролын тухай хуульд тусгаад хуульчилчихсан байгаа юм. Тэр утгаараа 2014 оноос хойш бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөр тогтвортой хэрэгжээд, одоо үүнийг шинэчлэх үйл явц эхэлж байна гэж хэлж болно. Өнөөдрийн хувьд СӨБ болон ЕБС-ийн хөтөлбөр боловсруулах багийг боловсрол шинжлэх ухааны сайдыг тушаалаар батлаад, энэ багийн эхний уулзалт албан ёсоор болж байна. Энэ баг маань бага боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ямар хичээлүүд үзэх вэ, ямар хөтөлбөрөөс явах вэ гэдгийг тодорхойлох, цаашлаад хөтөлбөрийн агуулгыг боловсруулах зорилготой уулзаж байгаа юм.
-Тэгэхээр бодлогын, хөгжлийн чиглэлд, үзэл санааны хувьд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх юм бэ?
-Үзэл санааны хувьд хийх энэ өөрчлөлт шинэчлэлтүүд нь яг ямар чиг баримжаатай явах юм бэ гэдгийг нь тодорхойлсон хөтөч нь ерөнхий баримт бичиг. Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын тухай хуульдаа үзэл баримтлалыг боловсролын үндэсний зөвлөл байгуулаад түүгээрээ хэлэлцүүлж засгийн газар батална гээд заачихсан. Тэгэхээр энэ үзэл баримтлалыг цаашдаа мөрдөх ёстой болж таарна. Өөр хөтөлбөрийг боловсруулахдаа энэ малгайн доороо явах хэрэгтэй. Цаашдаа энэ багууд тодорхой семинар, сургалтуудыг хийгээд үр дүнд нь СӨБ болон ЕБС сургалтын хөтөлбөр гарах ёстой. Боловсруулсан хөтөлбөрийг тодорхой хэмжээнд, тодорхой хүрээнд туршигдсаны дараа үнэлэлт, дүгнэлт өгөөд аажмаар үндэсний хэмжээнд шилжүүлдэг ийм л процесстой юм.

-Үзэл баримтлалд суурилж сургалтын хөтөлбөр зохиогдоно. Зохиогдсон сургалтын хөтөлбөрт тааруулж сургалтын систем явна гэж ойлгож байна. Зөв үү?
-Бид боловсролынхоо тогтолцоог нийгэм гэж үзэх юм бол тэнд үйлчлэх үндсэн хууль нь энэ сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал юм. Үндсэн хууль шиг мөрддөг баримт бичиг нь бол сургалтын хөтөлбөр юм аа гэж үздэг. Бусад бүрэлдэхүүн хэсгүүд, тухайлбал сургуулийн менежмент, багшийн хөгжил, сургуулийн үнэлгээ, мониторинг, хяналт шинжилгээ энэ бүх үйл явц нь тэр сургалтын хөтөлбөрөө тойрч байх ёстой. Жишээлбэл, хүний эрхтэй холбоотой сурч боловсрох эрхийг хангах, аюулгүй эрүүл нийгэмд ажиллаж амьдрах эрхийг нь хангах гэх мэт үндсэн хуулийн заалтууд, агуулга сургалтын хөтөлбөртөө шингэж өгсөн, хэрэгжилт нь өөртөө чиглэх ёстой гэдгийг нь маш тодорхой заагаад өгчихсөн ийм үзэл баримтлал гарсан.
-Энэ хөтөлбөр, үзэл баримтлал 10 жил тутамд солигддог гэж хэллээ. Одоо боловсруулагдаж байгаа хөтөлбөр, үзэл баримтлал өмнөх 10 жилүүдийнхээс юугаараа ялгаатай вэ?
-2013 оноос хойш хэрэгжүүлсэн сургалтын хөтөлбөр дээрээ бас тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх хэмжээний судалгаанууд хийгдсэн байгаа. Энэ судалгааны үр дүнгүүд үндэсний түвшний үнэлгээгээр ч тэр, олон улсын PISA-гийн үнэлгээгээр ч тэр бид шинжлэх ухааны тодорхой агуулгыг хэр сайн эзэмшсэн бэ гэдгийг харууллаа. Харьцангуй судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөрүүдийг нэлээн хэрэгжүүлж ирсэн байна. Одоо дэлхий нийтийн болон үндэсний, нийгмийн хэрэгцээ шаардлагад уялдуулсан, сурсан зүйлээ амьдрал дээрээ илүү хэрэглээ болгодог тал дээр нь анхаарах шаардлага байна гэсэн үнэлэлт дүгнэлтэд хүрээд байна. Сая бол PISA нэлээн тодорхой харууллаа. Харьцангуй мэдлэг суурьтай, агуулга суурьтай чадварууд бол гүйцэтгэл нь гайгүй өндөр байдаг. Гэхдээ үүнийгээ яг бодит байдал дээр хэрэглээ болгож байна уу гэдэг дээр хангалтгүй дүр зураг харагдсан. Нөгөө талаасаа бид цахимаас ухрах ямар ч замгүй болсон байна.
Энэ утгаараа хөтөлбөрийг илүү цахим суурьтай хэрэгжүүлэх боломжийг нь хангах, цахим технологийг багаас нь хүүхдүүдэд зүй зохистой эзэмшүүлэх, хэрэглээний чадварыг нь зөв зохистой эзэмшүүлэх тал руу чиглэсэн сургалтын агуулгуудыг нэмэгдүүлэх шаардлага байна. Ковидын нөхцөл байдлын үед хүүхэд бие дааж, өөрөө суралцах чадвар нэн чухал гэдгийг дэлхий нийтээрээ харлаа. Иймд цаашдаа хүүхэд бие дааж сурах арга барилаа өөрөө эзэмшдэг, хувь хүний өөрийнх нь онцлогт суурилсан байдлаар хөтөлбөрийг нь боловсруулсан.
-Монгол Улс бичиг үсэг тайлагдалт, сургуульд хамрагдалтаараа дэлхийд тун дажгүй үзүүлэлттэй явдаг. Гэтэл тэр PISA гэх үнэлгээгээр тааруу үнэлгээтэй гарчээ. Ша;тгаан нь юу байв?
-PISA бол маш олон түүврийг хамруулж үздэг, дэлхийн олон улс орон хамрагддаг ийм олон улсын үнэлгээ. Энэ үнэлгээгээр манай улсын түүврээр сонгож авсан 15 настай сурагчид унших чадвар дээр нэлээн сул байсан. Мэдээж энэ олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа бид хүүхдийн унших чадварыг хөгжүүлэхэд зөвхөн Монгол хэл, бичгийн хичээлээс илүүтэйгээр бусад нийгмийн ухааны хичээлүүд хувь нэмрээ оруулах ёстой. Ингэхдээ маш сайн эх текст, баялаг контекстүүдийг агуулсан, хүүхдийн сэтгэлгээг нь задлах асуултуудыг асуудаг, үнэлдэг болох ёстой.
Б.ДАГВАДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ажлын хэсгийн бүтэц бүрэлдхүүнийг нийтэд сайтар танилцуулж болох уу...
Тэгээд наад сайд чинь унших чадварыг сайжруулах тал дээр юм хийж чадахгүй л хүн байнаа юм байна гэж ойлгогдож байгаа. Эртхэн зайлуулсан нь дээр юм бишүү
Бага сургуулиас нь эхэлж хүүхдийг сайн уншуулж яриулж сургах нь зөв болов уу