Нийгэм мэдээ

Дүнжингаравын уулзварт осол гаргасан жолоочийн хэрэг шийдэгдээгүй 8 сар болж байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин дэлбэрсэн осол гарсан. Ослын улмаас 20-иод машин шатаж, 30 гаруй хүн бэртэж, 60 айлын орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 3 алба хаагч амиа алдсан байдаг.

Уг ослын улмаас 14 иргэн ГССҮТ-д хандсаны 4 нь тухайн үед эмчилгээ хийлгээд буцсан. Харин зургаан иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм. Харин /2024.02.14/ өдөр манай редакцаас ГССҮТ-өөс тодруулахад, “Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан зургаан иргэний хоёр нь ар гэрийн хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явсан. Эмчлүүлж байсан дөрвөн иргэн нас барсан. Хамгийн сүүлд битүүний өдөр /2024.02.09/ нэг иргэн нас барсан. Одоо тухайн ослоос гэмтсэн хүн эмнэлэгт байхгүй” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн.

-Орон сууц нь шатсан 60 айлыг шаардлага хангасан түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь төр хариуцна-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Энэ үеэр МУ-ын шадар сайд С.Амарсайхан "Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардлагатай асуудлуудыг нь шийдвэрлэнэ. Орон сууц нь шатсан 60 айлыг цаг алдахгүйгээр ажлын хэсэг байгуулж нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь төр хариуцна. Үүний хажуугаар бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, хэвийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд түрээсийн байрыг тухайн орчинд нь зохион байгуулна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулна" гэж танилцуулж байв.

-Дэлбэрэлтийн хохирол ₮5.4 тэрбумаар тогтоосон-

Тухайн хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоосон.

Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Үүнээс гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байна гэж УЕПГ-аас мэдээлж байсан юм.

Одоо хаана шалгаж байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн ослын хохирлын үнэлгээ, шинжээчдийн дүгнэлт гарсан. Гэхдээ одоогоор манай байгууллага дээр шалгагдсаар байгаа" гэх мэдээллийг бидэнд өглөө.

Хохирлын хэмжээ ийн тодорхой болж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд бүгд гарсан ч одоо хүртэл цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа гэх. Гэтэл нөгөө талд хохирсон иргэд түрээсийн байрандаа хүлээсэн хэвээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button