Иргэд он дуустал рашаан, сувилалд явж, архаг хуучаар эмнэлэгт хэвтэх боломжгүй

Улсын эмнэлгүүд тодорхой нэр төрлийн үйлчилгээг ЭМДС-аас санхүүжүүлэхгүй гэсэн тул төлбөртэй үйлчилнэ гэх мэдэгдэл гаргасан. Үүний хариуд ЭМЯ хариу мэдэгдэл хийсэн.
Ингэхдээ "ЭМД-ын санд 1,93 их наяд төгрөг төвлөрч байгаа. Тэрийг тухайн сар болгон хуваарилаад хэрэглэх ёстой бол 11, 12 сарынхыг урагш нь татаад зарцуулалт хийгдсэн учир өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө бол 95 хувьтай яваа. Эргээд хуримтлал үүсэх тал дээр ноцтой доголдол үүсээгүй. Санхүүгийн зарцуулалтын хувьд эхний улиралд асуудал үүссэн. Ирэх жилээс санхүүгийн сахилга баттай байж, оновчтой зарцуулалт хийж явах ёстой гэсэн бодлоготой байна" гэж тайлбарласан.

Мөн ЭМЯ бодлого тодорхойлдог байгууллагын хувьд санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой шийдвэрүүдийг гаргаж бодлогын арга хэмжээнүүдээ авч ажиллах нь хууль ёсны ажил. Тийм учраас архаг хууч өвчин, рашаан сувилал, архаг ядаргаа зэрэг оношуудаар хэвтэж эмчлүүлэхийг гэрээнийхээ заалтын дагуу ирэх он руу шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлэх зохицуулалт хийсэн. Томуугийн ид дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас халдвар авах тархах, эрсдэлтэй байдаг учир эдгээр үйлчилгээг дараа нь үзүүлэх зохицуулалтууд хийж байгаа" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, иргэд 2024 оныг дуустал архаг хууч өвчнүүдийн оношоор эмнэлэгт хэвтэхгүй мөн рашаан сувилалд явах боломжгүй болжээ. Архаг хууч өвчин гэдэг 1 жил болон түүнээс удаан хугацаагаар үргэлжилж буй тодорхой зовиурыг хэлэх бөгөөд нийт архаг өвчнүүдийн 80 орчим хувь нь үрэвсэлт өвчин эзэлдэг.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.