“Бурхан намайг 5000 сонсголын бэрхшээлтэй хүнд туслаарай гэж илгээсэн байх аа”

-СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН МИНЬ БУРХНААС ӨГСӨН ТАЛАРХАМ ХУВЬ ТАВИЛАН-
“Бурхан намайг таван мянган сонсголын бэрхшээлтэй хүнд туслаарай гэж илгээсэн байх аа” хэмээн ярих энэ хүнийг Д.Баасандорж гэдэг. Сонсголын бэрхшээлтэй тэрээр өөртэйгээ ижил бэрхшээлтэй хүмүүст туслахаар чин сэтгэлээрээ зүтгэж яваа нэгэн юм.
Түүнийг анд найз, ар гэрийнхэн, ойрын хүрээллийнхэн нь Улаанаа хэмээн дотночлон дууддаг. Тэрээр, эмчийн буруугаас болж сонсголын бэрхшээлтэй буюу “дүлий” хүмүүсийн эгнээнд багтах болжээ. Түүнийг төрөхөд эх барьж авсан эмч, хүйг нь бохир хайчаар хайчилснаар цусны өвчин халдварласан байна. Улмаар “Түүнийг амьд үлдэхгүй ч байж магадгүй, гомдолгүй” гэсэн бичгийг ээжээр нь зуруулан авч, хүчтэй тариа тарьжээ. Цусанд дахь бохир хорыг багасгах тариа түүнийг амьд үлдээсэн ч, сонсголын бэрхшээлтэй болгосон байна.
Тэглээ гээд тэр өөртөө гутарч байсан удаагүй. “Өөртэй нь ижил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслуулахын тулд бурхан намайг ингэж сонсголын бэрхшээлтэй болгосон” хэмээн хувь тавиландаа талархаж явдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Нэг ч гэсэн сонсголын бэрхшээлтэй хүнийг ажлын байртай, амьдралын баталгаатай болгохын төлөө чин сэтгэлээсээ тэмүүлж яваа нь түүний үг, үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байлаа.

-ДАНИ УЛС БОЛОМЖИЙН САНАЛ ТАВЬСАН Ч, ХҮЛЭЭЖ АВАЛГҮЙ МОНГОЛДОО СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТУСЛАХААР ИРЖЭЭ-
Тэрээр Дани Улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сургуулийг Холбооны менежментийн чиглэлээр суралцан төгсжээ. Түүнийг төгсөхөд сургуулиас нь ажлын байр, өндөр цалин амласан ч, зөвхөн өөрийгөө бодолгүй өөртэйгээ ижил бэрхшээлтэй хүмүүст туслахаар боломжоос татгалзан эх орондоо иржээ. Тухайн үед сургуулийн удирдлагууд түүнээс “Чи ийм сайхан боломжоос яагаад татгалзаж байгаа юм бэ, мэдрэл чинь зүгээр үү. Ядуу Монгол оронд чи юу хийх юм бэ. Энд бүх амьдралын баталгаа чинь байна. Дараа нь харамсахгүй юу” хэмээн асууж байжээ. Хариуд нь Д.Баасандорж,“Үгүй ээ, би сурсан мэдлэг, авьяасаа Монголдоо зориулмаар байна. Би энд ганцаараа сайхан байгаад, өөрийнхөө төлөө аз жаргалтай яваад яах юм бэ. Монголд над шиг сонсголын бэрхшээлтэй таван мянган хүн байгаа” гэж хэлээд орхин ирсэн гэдэг.
-Д.БААСАНДОРЖ: БИ ЯДАЖ МЯНГАН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОХЫГ ХҮСДЭГ-
-Та ер нь чигч шударга зантай хүн үү, амьдралдаа ямар үзэл бодлыг баримталдаг хүн бэ?
-Аав маань нэг ч удаа намайг чи сонсголын бэрхшээлтэй гэж хэлж байгаагүй. Харин миний хүү бусдаас жаахан өөр. Биед амар дархны ажил хийгээд суугаач гэдэг байсан. Мөн миний хүү би чамд эд хөрөнгө, мөнгө өгч чадахгүй ганцхан зүйлийг өгч чадна. Чи яаж ч явсан үнэнээр л амьдар, худлаа л хэлж болохгүй шүү гэж захидаг байлаа. Тухайн үед би ойлгоогүй. Дараа нь ойлгосон доо.
-Сонсголын бэрхшээлтэй гэх хүмүүсийн төлөө их зүйл хийхийг хүсдэг тань таны яриа бүрээс анзаарагдлаа?
-Би сонсголын бэрхшээлтэй иргэд амьдардаг хотхон байгуулахыг мөрөөддөг. Яг л Баян Монгол хороолол шиг. Тэндэхийн хоолны газар, үсчин, дэлгүүр зэрэг бүхий л үйлчилгээний байгууллагад нь дандаа сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажилладаг байвал гоё. Би таван мянган дүлий хүний ядаж мянгыг нь ажлын байртай, амьдралын баталгаатай болгочих юмсан гэж хүсдэг юм.

-АРВАН ЖИЛИЙН ТУРШ ОЁДЛЫН ЦЕХ АЖИЛЛУУЛЖ, СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ-
Д.Баасандорж 2010 онд “Сэтгэл төв”-ийг үүсгэн байгуулж оёдлын цех ажиллуулжээ. Ажилчид нь бүгд сонсголын бэрхшээлтэй иргэд байсан бөгөөд Япон компанийн захиалгаар ажилчдынхаа оёсон хүнсний уут, гоо сайхны бүтээгдэхүүний уут оёдог байсан аж. Ажилчдаа менежер, нягтлан бодогч, нярав, эсгүүрчин, оёдолчин зэргээр өөр өөрийн гэсэн албан тушаалд томилж өөртөө итгэх итгэл, амьдралын эрч хүч өгөхийг хичээдэг байсан тухайгаа ярьсан юм.
Тэр оёдлын цехээ арван жилийн турш ажиллуулж байгаад энэ жилээс татан буулгажээ. Энэ тухайгаа тэрээр “Хоёр өөр зүйлийг нэгэн зэрэг ажиллуулах хэцүү юм. Энэ жилээс оёдлын цехээ татан буулгаад одоо зөвхөн хоолны цех ажиллуулж байгаа. Хоолны цехийн 18 ажилтны тал нь сонсголын бэрхшээлтэй иргэд” хэмээн ярьж байлаа.
-ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВАХЫН ТУЛД БАЙРАА БАРЬЦААНД ТАВЬЖ 100 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ-
Өнөөдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд сонсголын бэрхшээлтэй арав гаруй хүнийг ажлын байраар ханган, эерэг энерги түгээн хөдөлмөрлөж байна. Тэрээр эл сургуулийн гал тогоон дахь хоолны тоног төхөөрөмжүүдийг авахын тулд өөрийн байраа барьцаанд тавьж, 100 сая төгрөгийн зээл авчээ.
Ажил хиймээр байна гээд өөрт нь хандаад ирсэн хэнийг ч түлхэж байгаагүй аж. Тиймдээ одоо ажиллуулж байгаа 18 ажилтных нь арав нь эрүүл саруул буюу сонсголын бэрхшээлгүй энгийн хүмүүс. 70 настай ч ажил хайгаад ирсэн Г.Даариймааг цаашаа гэж түлхэлгүй, төмс арилгах ажил оноожээ. Мөн ширхгийн хоол хийх санааг нь ч дэмжиж хэрэгжүүлж буй аж. Түүнчлэн бүр Архангай аймгаас Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн ээж хүү хоёр ч байгаа юм. Сонсголын бэрхшээлтэй ээж нь хүүгээ ч мөн ажилтай болгохыг гуйхад Д.Баасандорж татгалзалгүй хүлээн авсан байна.

Бид Д.Баасандоржийн ажилчдын сэтгэгдлээс хуваалцлаа.
-Г.ДААРИЙМАА: ТА 70 НАСТАЙ ХӨГШИН ГЭЖ ГОЛООГҮЙД МАШ ИХ БАЯРЛАДАГ-
“Би бага ангийн багшаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад настан хүн. Тэтгэвэрт гараад тогоочийн сургалтад хамрагдаж тогоочоор ажиллах болсон. “БУК-2”-ын ажилчдын тогоочоор, Бизнесийн дээд сургуульд ширхгийн хоолны тогоочоор ажилладаг байлаа. Тэдгээр ажил манай гэрээс хол болохоор үнэхээр хэцүү байсан. Тэгээд “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль манай гэрт маш ойрхон байсан тул “Ямар ч байсан тогоочийн ажил байна уу, орж ажил гуйгаад үзье” гээд ирсэн. Ирээд учир байдлаа хэлтэл “Та 70 настай хөгшин байна, хэрэггүй” гэж голоогүй, сайхнаар хүлээж авсан. “Та гал зууханд ажиллавал халтирч унах эрсдэлтэй, бас ядрах байх. Тиймээс төмс арилгаад суугаа ажил хийвэл биед тань амар байх” гэсэн. Би дуртай хүлээн зөвшөөрч ажиллаад ДӨРВӨН САР болж байна даа. Би ширхгийн хоол хийж болох уу гэдэг саналыг бас л тавьсан. “Та өөртөө итгэж байгаа бол хийгээд үз л дээ” гээд мөн л зөвшөөрсөнд маш их баяртай байна. Одоо мантуун бууз, нарийн боов, кимбаб хийгээд хамт олондоо дэм болоод сууж байна” хэмээлээ.

-Б.БАЯРСАЙХАН: ДҮЛИЙ ХҮН ЭРҮҮЛ ХҮНТЭЙ ТӨВӨГГҮЙ ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ БИ АНХ УДАА ЭНД МЭДЭРСЭН-
-Сонсголын бэрхшээлтэй иргэн Б.Баярсайхан дохионы хэлээр бидэнтэй сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Тэрбээр, “Би дээд сургууль төгсөөд нилээдгүй хугацаанд ажил хайсан. Ажил хайж, фейсбүүкт зар тавьсан. Тэгээд ихэвчлэн гадаад хүмүүстэй ажиллаж үзсэн. Тухайн үед ойлголцож чадаагүй. Хүнд байсан. Харин энд ажилд ороод их сайхан байна. Анх сурагч болон багш нартай харилцахад бишгүй л хүндрэл гарсан. Одоо бол сурагч, багш нартай дохио зангаагаар харилцаад хоол идэх гэж байна уу, цай уу гэж байна уу гэдгийг нь төвөггүй мэддэг болсон. Дүлий хүн эрүүл хүнтэй төвөггүй харилцах боломжтой гэдгийг би анх удаа энд мэдэрсэн. Үнэхээр сайхан” хэмээсэн юм.

-Архангай аймгаас ирсэн Б.Эрдэнэчимэг, хүү Т.Хүрэлбаатарын хамтаар мах бэлтгэл, махан бүтээгдэхүүний халуун ажиллагаан дээр ажилладаг-
Ээж Б.Эрдэнэчмэг: Би анх 2004 онд Архангай аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн. Өмнө нь нэг жижигхэн цайны газар ажилладаг байсан. Энэ сургууль нээгдээд удаагүй байх үед ажилтан авна гэсэн зарын дагуу ирж байлаа. Би ахлах тогооч Чимгээтэй танилууд юм л даа. Өмнө нь цуг ажиллаж байсан. Ахлах тогооч маань ч намайг дуртай хүлээж авсан. Одоо хүүтэйгээ цуг ажиллаж байна. Өмнө нь манай хүү сангийн ажил хийдэг байсан. Харин би Жүр үрт туслах тогооч, жижиг цайны газруудад тогоочоор ажиллаж байлаа. Энд би эхлээд өөрөө ажилд ороод дараа нь хүүгээ татаж авсан.

Сонсголын бэрхшээлтэй иргэн н.Мөнхнасан хүү Б.Золжаргалын хамтаар ажиллаж байна.
н.Мөнхнасангийн хүү Б.Золжаргал: Наймдугаар сарын дунд үеэр энэ байгууллагад анх орж байлаа. Анх ороод төмөр сав угаадаг байсан юм. Тэгээд сав угаахаа болиод зөөгч хийж, порцны тогоочоор ажиллах болсон. Зөөгчөөр ажиллаж байхдаа бага ангийн хүүхдүүдийн сандал ширээг нь янзалж, халбага сэрээг нь зөв тавьж өгөх гэх мэтээр тусалдаг байсан. Өмнө нь би авто угаалгын газар машин угаадаг байлаа. Тухайн үед өглөө гараад орой гэртээ орж ирж, цаг наргүй ажилладаг байсан. Тэгээд ээж маань энд хүүтэйгээ хамт ажилламаар байна гэдэг саналаа удирдлагадаа хэлээд надтай хамт ажиллах болсон доо. Манайх Яармагт байдаг болохоор гэртээ ойрхон амар л байна. Ээж маань сонсголын бэрхшээлтэй, дохиогоор ярьдаг тул ажлын хамт олонтойгоо ярьж, ойлголцоход нь би туслах гүүр нь болдог. Хэлмэрч хийдэг гэх үү дээ. Жирийн хүмүүс болон сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй аль алинтай ойлголцдог болохоор надад энд ажиллахад огтхон ч хэцүү санагддаггүй.

-АХЛАХ ТОГООЧ ЧИМГЭЭ: МАНАЙ АЖИЛЧИД 1000 ГАРУЙ ХҮҮХДИЙН ХООЛЫГ ТӨВӨГГҮЙХЭН БЭЛДЭЖ, ГАР НИЙЛЭН АЖИЛЛАДАГ-
Би нийтийн хоолны технологич мэргэжилтэй хүн. ОХУ-д сурч төгсөөд, ахлах тогоочоор 25 дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс надад зохих хэмжээний туршлага бий. Манай хамт олон их мундаг. Энгийн ажилчидтайгаа сонсголын бэрхшээлтэй ажилчид нь одоо бол төвөггүйхэн ойлголцоод сурчихсан. Бид 1000 гаруй хүүхдийг хооллож ундалж байна. Хүн тус бүр хүлээсэн үүрэгт ажлаа маш сайн биелүүлдэг. Тийм ч болохоор 16 цагийн үед л бүх ажлаа амжуулаад дуусчихдаг. Хамгийн гол нь хоорондоо насны ялгаа гаргадаггүй. Маш сайн ойлголцож гар нийлж ажилладаг. 70 настай Г.Даариймаа гуайг бид хөгшин гэж голохгүй халтирч унах вий, ядрах вий гээд хайрлах сэтгэлээр л ханддаг даа. Ажил хийхэд цалин чухал ч, цалингаас илүү хамт олны уур амьсгал гэдэг зүйл чухал. Мөн ажиллах орчин нөхцөл чухал. Энд ажиллах таатай орчин бүрдсэн, тоног төхөөрөмжүүд нь хангалттай сайн бас ийм халуун дулаан уур амьсгалтай хүмүүсийн дунд ажиллах үнэхээр сайхан байдаг.
Мөн манай хамт олон хамгийн эмзэг салбар буюу хүүхдийн хоолны салбарт үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс. Хүүхдийн хоол бэлтгэж байгаа бид ариун цэврээ дээд зэргээр сахиж ажиллах ёстой. Тиймээс хяналт шалгалтын ажлыг нэг хүн хариуцаж, өглөө оройдоо гал тогооны ариун цэврийг дээд зэргээр хангуулан ажилладаг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээ уншиж сэтгэл тэнийлээ. Та бүхний минь ажил үйлс өөдрөг байх болтугай. Хөгжлийн бэрхшээлтэй гэх олон з�##�ууст ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, өөртөө итгэлтэйгээр амьдр�##�д хөл тавихад нь тус�##�ж дэмжээрэй. Баасандорж оо чамд улам их амжилт, бүтээмж хүсье
Яг л ийм хүн хэрэгтэй байсан юм аа энэ хүнийг яаж олох вэ туслаарай хүмүүсээ миний хүү бас соногсголбн бэрхшээлтэй юм л даа.
Төр , улсын хийж чадаагүйг хийж яваа сайхан сэтгэлтэй ийм з�##�уус олон байгаасай. Хүний сайхан үрийн үр нь, олон хүний амьдр�##�д дэм болсон энэ сайхан үйлс нь ерөөлөөр дэлгэрч яваг ээ. Хамт олонд нь ажлын амжилт сайн сайханыг хүсэн ерөөе.
Төр , улсын хийж чадаагүйг хийж яваа сайхан сэтгэлтэй ийм з�##�уус олон байгаасай. Хүний сайхан үрийн үр нь, олон хүний амьдр�##�д дэм болсон энэ сайхан үйлс нь ерөөлөөр дэлгэрч яваг ээ. Хамт олонд нь ажлын амжилт сайн сайханыг хүсэн ерөөе.
Sain bnuu ene huntei yaj holbogdoh ve ajlin bair haana ve ymr neg holbogdoh medeelel ogch tus bolooch bayrllaa
Abaazan Ulaanaa gesen facebooktei hun bainlee
ЗӨВ БОДОЛТОЙ, ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУ БАЙНА, АЖИЛД НЬ АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ,
Харумафүжи аваргын ах билүү дүү нь ч билүү. Сүрхий ажилсаг, мөрөөдөлтэй, ажил хэрэгч з�##�уу байсан шүү.
ssin zaluu bn.olon hunig ajiltai bolgojee.amjilt husy!