ОХУ-ын хамгийн өндөр ашигтай компани байсан Газпромын хувьцаа 16 жилд байгаагүй хэмжээнд унажээ

Нэгэн цагт ОХУ дахь хамгийн өндөр ашигтай компани байсан Газпромын хувьцааны ханш сүүлийн 16 жилд байгаагүй бага хэмжээнд хүрч, унажээ. Тус компани Украинаар дамжуулан Европ руу байгалийн хий дамжуулах гэрээ нь хоёр долоо хоногийн дараа дуусах гэж байгаатай холбогдуулан унасан байна.
“RBC” агентлаг мэдээлснээр Москвагийн хөрөнгийн бирж дээр мягмар гарагийн /2024.12.17/ үдээс хойш Газпромын нэгж хувьцаа хамгийн бага түвшинд ирэхдээ 106.1 рубль буюу 1.02 ам.доллароор арилжжээ. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 2.41 хувиар буурсан үзүүлэлт юм. Газпромын хувьцаа 2009 оны нэгдүгээр сарын 26-нд 101.64 рубль болж унаснаас хойш ханш ингэж унаагүй аж. Тус агентлаг мэдээлэхдээ геополитикийн эрсдэл, ашгийн бууралт, хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг зогсоож мөн зах зээлийн ерөнхий гүйцэтгэлийн улмаас Газпромын хувьцаа унасан гэжээ.
Газпром Украины дайны улмаас 2023 онд долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Учир нь Европын орнууд ОХУ-аас худалдан авах байгалийн хийгээ 90 гаруй хувиар бууруулаад байгаа юм.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.