Баяр наадмаар амрах бус өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилладаг тэд
Өнөөдөр бол 12 сарын 31, шинэ жилийн баяр. Хэдийгээр эл өдөр бүх нийтээрээ амардаг хэдий ч бидний эрүүл мэнд, аюулгүй байдлаас сэргийлэх үүднээс баяр наадмын өдрийг харгалзалгүй ажилладаг алба хаагчид бий.
Иймд бид 40 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж буй Монгол улсын гавьяат эмч, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэхийн зөвлөх эмч, С.Амармандах болон Онцгой байдлын албанд гурван үеэрээ аврагчаар ажиллаж буй Чингэлтэй дүүргийн онцгой байдлын газрын гал сөнөөгч, Ахлах ахлагч Т.Амартүвшин нарыг баярын дугаартаа онцолж, ярилцлаа.
-Баярын өдрүүдэд илүү хүндэрсэн эхчүүд эмнэлгийг зорьдог. Иймд анхаарлаа сулруулж болохгүй хэмээн залуу эмч нартаа захидаг-

-Эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Би 1984 онд Ангаах ухааны их сургууль төгсөөд Клиникийн амаржих газар дөрвөн жил ажиллаж, дараагаар нь ЭХЭМҮТ байгуулагдахад Эрүүл мэндийн яамны томилолтоор Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн эрхлэгчээр ирж ажиллах болсон.
Анх ажиллаж эхэлсэн он цагаас хойш тооцвол эрүүл мэндийн салбарт 40 жил ажиллаад байна.
-Та эх хүүхдийг энх мэнд амаржуулахад хүндтэй үүрэг хүлээсээр 40 жилийн ардаа үлдээсэн гэлээ. Тэгвэл баяр наадам, тэр дундаа он солигдох мөчид ч ажиллаж байх тохиолдол олон байдаг биз?
-Эрүүл мэндийн салбарт зүтгэсэн 40 жилийн 14-т нь эмнэлэгтээ жижүүр хийж, хоносон байна лээ. Миний үндсэн, нарийн мэргэжил бол Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх. Манай ЭХЭМҮТ бол 21 аймаг болон бусад амаржих газраас хүндэрсэн эх эмэгтэйчүүдийг хүлээж авдаг учир манай хамт олон хоёр нарны хооронд бус 24 цагийн туршид тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, эхчүүдийг эсэн мэнд амаржуулахын төлөө, эмэгтэйчүүдийг хүнд аюулаас, өөрөөр хэлвэл үхлээс аврахын төлөө цаг наргүй ажиллаж байдаг эмч нар байдаг.
Тийм учраас бидэнд амралт, баяр ёслолын үе хамаагүйгээр жижүүр таарсан өдрөө ирж ажиллана, мөн хөдөө орон нутгаас эсвэл бусад амаржих газраас эхчүүд хүндрээд ирсэн тохиолдолд хэзээ ч хамаагүй дуудагдан ирж жижүүрийн ажлаа хийж байдаг.
Цагаан сар, наадам, шинэ жил гэх мэт томоохон баяруудын үеэр яаралтай тусламжаар хүргэгдэн ирж буй эхчүүд яах аргагүй хүндэрсэн байдаг. Мэдээж ээжүүд маань өөрийн биеийн байдлаа хянаж байхдаа үнэхээр эмнэлэгт очихгүй бол болохгүй гэсэн үедээ л баяр наадмыг харгалзалгүй түргэн тусламж дууддаг гэсэн үг.
Би залуу эмч нартаа "баяр ёслол болон амралтын өдрүүдээр ирж байгаа эхчүүд биеийн байдал нь муудсан болохоор л ирж байгаа шүү. Тийм учир энэ өдрүүдэд ирсэн эхчүүдэд сайтар анхаарч, тусламж үйлчилгээ үзүүлж байгаарай" хэмээн захидаг.
-Шинэ жилийн баярын үеэр жижүүрлэж байх үед нь тохиолдож байсан хамгийн тод дурсамжаасаа хуваалцаач?
-Яг нэг дурсамж байдаг юм л даа. Нэгэн эмэгтэй Бээжинд хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь доройтож, 12 сарын 31-ний он солигдох мөчид хуучин Буянт ухаа онгоцны буудалд ЭХЭМҮТ-д хүргэгдэх бичигтэйгээр бууж байсан. Улмаар яаралтай тусламжаар нааш хүргэгдэн ирэхэд нь үзлэг хийхэд маш их дотор цус алдалттай, цочролд орчихсон байсан л даа. Иймд манай эмч нар дотор цус алдалтыг зогсоож, миний хувьд мэдээгүйжүүлэлт, ерөнхий унтуулга хийж тухайн хүнд их хэмжээний цус сэлбэж дараагаар мэс ажилбарт оруулсан. Яг үүр гэгээрэхэд л тухайн хүний амь насыг бид аварч байсан тохиолдол байдаг.
-Дурсамжаа хуваалцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч гэж хүсэж байна.
-Он солигдож буй торгон мөчид эмнэлэгт жижүүрлэж байгаа баг маань хэдийгээр ажил ихтэй байсан ч боломжоороо цуглаад баяраа тэмдэглэчих юм сан гэж боддог л доо. Гэсэн ч бидний хамгийн гол хүсдэг зүйл бол энд амарч байгаа эхчүүд минь эсэн мэнд амаржаасай, гарч буй нялхасууд маань эрүүл энх байгаасай гэж л боддог юм.
Удахгүй он солигдох гэж байна, Монголынхоо ард түмэнд ирэх онд илүү аз жаргалтай, элэг бүтэн, амжилт бүтээлээр дүүрэн байгаасай гэж хүсэж байна.
-Хүүхэд байхаасаа л гал сөнөөгч болъё гэсэн бодолтой байсан учир тэр хүсэл мөрөөдлөөрөө одоо ажиллаж байна-

-Танд шинэ оны мэнд хүргэе. Онгой байдлын албанд хэчнээн жил ажиллаж байна, шинэ жилийн баяраар албан үүргээ биелүүлж байсан удаа бий юу?
-Би онцгой байдлын албанд долоо дахь жилээ ажиллаж байна. Шинэ жилийн баяраар жижүүрт гарч албан үүргээ биелүүлж байсан тохиолдлыг тоолвол цөөнгүй.
Бид томилгоот албаа 24 цагийн туршид гүйцэтгэдэг учир тухайн өдөр баяр ёслол эсвэл энгийн ажлын өдрийг үл харгалзан ажилладаг л даа. Харин ч энэ өдрүүдэд албаны бэлтгэлээ хангаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд орон тоо болоод техникээ нэмж ажилладаг.
-Шинэ жилийн баяраар албан үүргээ биелүүлж байх үед нь болсон хамгийн тод дурсамжаа манай уншигчдад хуваалцахгүйюү?
-Шинэ жилийн баяр бол Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг маш сайхан баяруудын нэг. Он солигдох мөч бол шинэ он, шинэ өдрийг угтах хамгийн сайхан мөч байдаг шүү дээ.
Бид албан үүргээ биелүүлж байгаа хэдий ч шинэ оноо угтаж өөрсдийн боломжоороо баярлах гэж баярын ширээ засаж, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Яг он солигдох гээд ширээндээ цуглаж байх үеэр галын дохио дуугарч баяр наадам маань ширээн дээрээ хоцрох тохиолдол бий. Ширээгээ орхиод гарсан бид дундаа "Заа ажлаа дуусгаад үргэлжлүүлье" гээд л дохиогоо хангинуулаад давхидаг. Одоо санахад 2022-2023 оныг шилжих үед яг ийм явдал болж байсан.
-Гэр бүл бий юу, таны ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан баяр ёслолын үеэр хамтдаа баярлаж чадахгүй үеүдэд хэрхэж байна?
-Миний хувьд удахгүй хоёр нас хүрэх гэж буй охин болон эхнэрийн хамтаар амьдардаг. ажлын маань маш сайн ойлгодог учир баяр ёслолын үеэр хамт байсангүй гэж гомдоллох нь үгүй. Ер онцгойгийн алба хаагчийн ар тал, гэр бүл хамгийн чухал л даа. Хуваарьт жижүүрийн өдрөөс гадна төлөвлөөгүй өдрүүдэд гэнэт дуудагдах үед ямар ч хувийн ажилтай байсан ч орхиод л гарна.
-Та яагаад онцгой байдлын албыг сонгох болов?
-Өвөө, аав минь Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм л даа. Би гал сөнөөгчийн гэр бүлийн гурав дахь үе нь. Хүүхэд байхаасаа л гал сөнөөгч болъё гэсэн бодолтой байсан учир тэр хүсэл мөрөөдлөөрөө одоо ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч хүн хэзээч хариуцлага алдаж болохгүй онцгой мэрэгжил залуус маань анагаахыг сонгохоосоо өмнө би хүнлэг зүрх сэтгэлтэй эмч болж чадах уу гэж олон удаа асууж байж сонголтоо хийж байгаач
Saihan daruuhan ajilsag 2 irgen bnaa . bayriin mend huriye !
Та нар ингэж битгий худлаа яриад бгаарай. Би өнөөдөр өрхийн эмнэлэгт очихоор үнэн тэнэг юмаа яаж ичихгүй цалин аваад л сууж бна орон тооны бөглөөд бна даа