АНУ, Европын холбоо хэлэлцээнд хүрч, худалдааны дайнаас зайлсхийлээ

Ням гарагт /2025.07.27/ АНУ, Европын холбоо хоёр худалдааны суурь хэлэлцээ байгуулсан байна. Энэхүү хэлэлцээний үр дүнд АНУ гаалийн татвараа хоёр дахин бууруулж 15 хувь болгох юм. Дэлхийн нийт худалдааны гуравны нэгийг бүрдүүлдэг хоёр холбоотон ийнхүү томоохон худалдааны дайнаас зайлсхийж чадлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар Шотланд дахь гольфын талбайд уулзсаныхаа дараа хэлэлцээнд хүрснийг зарласан байна. Хоёр тал сүүлийн хэдэн сарын турш хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрсэн юм.
Трамп мэдэгдэл хийхдээ “Энэ урьд өмнө нь хийгдэж байгаагүй том гэрээ гэж би бодож байна” хэмээжээ. Европын холбоо АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүч болон цэргийн техник хэрэгсэл импортлохоо их хэмжээгээр нэмэгдүүлэх болсон байна. Энэхүү гэрээ нь Япон АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээсэн тохиролцооноос илүү том гэж Трамп хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.